Labels

Sunday, December 13, 2009

Д.Отгонбаяр: Бид Монголын урлагийн амьд домог болтлоо тайзнаас буухгүй

Д.Отгонбаяр: Бид Монголын урлагийн амьд домог болтлоо тайзнаас буухгүй
"Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Таныг сүүлийн үед хөгжмийн зохиол дээр түлхүү ажиллах болсон гэж сонссон?

-Тийм шүү. Би төгөлдөр хуур, морин хуур, лимбэ сонирхдог. Манай хамтлаг хоёр СЭ гаргаж байна. Нэгэнд нь дандаа миний уран бүтээлүүд багтсан байгаа.
Одоогоор төгөлдөр хуурч Халиун болон Германд байдаг "Эгшиглэн" хамтлагтай хамтран ажиллаж байна. Өөрийгөө сайн хөгжүүлж байгаад ахмад үеийнхээ сайхан уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүсч, мөрөөдөж явна.

-Тэгвэл "Хурд" хамтлагийн хүсэл мөрөөдөл юу вэ?

-Бид монголын домог болсон цагтаа л тайзнаас бууна гэж боддог. Тэрнээс нааш буухгүй. Зуун зуун жил дуурсагдах уран бүтээлээ хийсээр байх болно. Үүнийг бид зорилгоо болгож байна. Энэ бидний л хийх ёстой ажил. Манай хамтлаг уран бүтээлээсээ өөр зүйлд толгойгоо өвтгөдөггүй. Өөр талбар луу хэзээ ч орж байгаагүй, хойшдоо ч орохгүй. Гитараа бариад тайзан дээр гарахад үзэгчид бидний дууг дагаж дуулж байх хамгийн сайхан. Эрч хүч, энерги, урам зоригийг сонсогчдоосоо л авч чаддаг.

-Зарим амьд хөгжмийн хамтлаг сонсогчдынхоо хөгжмийн боловсролыг голдог болсон байна лээ?

-Тийм тал бий. Бидний зүгээс сонсогчиддоо амьд хөгжмийг илүү их мэдэрдэг болоосой, уураг тархи, оюун санаагаа улам тэнийлгээсэй, сонгодог хөгжим, жүжиг зохиолыг шимтдэг байгаасай гэж боддог. Нэг байрандаа үздэг зүйлээ үзээд яваад байх юм бол энэ нийгэмд яаж амьдрах юм бэ. Үр хүүхдээ ч гэсэн багаас нь төгөлдөр хуур сонсгож, тоглуулж байх хэрэгтэй байна. Заавал амьд рок хөгжим сонс гэж хэлэхгүй. Нийтийн дуу, ардын дуу гоё шүү дээ.

-Монголын амьд, рок хөгжмийн чиг хандлагыг юу гэж дүгнэх вэ?

-Оволзтол хөгжөөд байна гэж хэлэхгүй. Ер нь төр засаг нийгэм нь ямар байна яг түүнийгээ дагаад урлагийн хөгжил явдаг. Хийх зүйл маш их байна. Түүхийгээрээ байна. Тийм учраас үүнийг хөгжүүлэхийн төлөө чадах ядахаараа зүтгэж явна. Гэхдээ манай урлагийн салбар мөнгөгүй байна. Мөнгө байсан цагт гоё уран бүтээл хийж болно. Авьяас чадалтай хүн олон байгаа ч бүгд ядуу байгаа байхгүй юу.

Улс орон баяжаад урлагийнхаа салбарт хөрөнгө хаяад ирэхээр урлагийн хөгжил зөв гольдролдоо орох байх аа.

-Та хэр үндсэрхэг үзэлтэй вэ?

-Дэндүү. Бүр аймаар ч гэж хэлж болно. Би гадаадынхныг үздэггүй.

-Тэглээ гээд тааралдсан хүндээ дургүйцлээ илэрхийлээд явдаггүй биз дээ?

-Мэдээж үгүй. Надад таарсан хүнээ зодоод явах хүмүүжил байхгүй. Өнөөдөр манай монголчууд зах дээр наймаа хийж байна, гудамжинд мөнгөгүй зогсож байна. Гэхдээ зүгээр ээ. Хэрвээ төр засаг минь сайхан болоод ард түмнээ удирдаад, хүн ам нь өсөөд мөнгөтэй болчих юм бол юун Америк, Англи вэ. Бид түүхэндээ дэлхийг ноёлож байсан улс шүү дээ. Монголоос өөр агуу түүхтэй улс байдаг юм уу. Зах цухаасаа эхлээд сэргэж байна шүү дээ. Олимп, дэлхийн аваргатай боллоо. Тэр чинь хэдэн уулын цаадах мөрөөдөл байсан биз дээ. Гэтэл хажууханд л байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр зөв удирдаад явах юм бол сайхан ирээдүйтэй ард түмэн шүү дээ.

-Танай хамтлаг монголын рок хөгжмийн ноён нуруу нь мөн болов уу. Та үүн дээр Ямар бодолтой байна?

-Ноён нуруу мөн үү, биш үү гэдгийг сонсогчид маань хэлэх болов уу. Би тоглолт бүхэн дээрээ хамтлагаараа бахархдаг. "Хурд" хамтлаг нэгдсэнээсээ хойш 12 том хэмжээний тоглолт зохион байгуулсан байна. Сингл СD-тэйгээ нийлээд 10 гаруй СD гаргасан. Хэдий бидэнд хийж бүтээсэн зүйл чамлахааргүй байгаа ч бас болоогүй ээ. Уран бүтээлийнхээ зууны дөчин хувь дээрээ явж байна. Монголын рок, попын түүхэнд хийх зүйл маш их гэдгийг ойлгосон. Бид дөнгөж 30 гарч яваа залуучууд. Одоо л жинхэнэ "Хурд"-ынхаа гуравдугаар араандаа хийх цаг нь болсон.

-Ер нь намба сууж байх юм уу?

-Миний зан ааш байх ёстой насандаа явж байна. Багадаа туранхай байсан. Харин одоо таргалсан. /Инээв/ Анх 19 настайдаа тайзан дээр гарч байлаа. Хорин хэдтэй байхдаа тайзан дээр галзуурдаг байсан. Одоо би 37-той. Яг л адилхан байна. Гэхдээ мэдээж 30 гараад ирэхээр буурь суурьтай болдог л юм байна. Хийж байгаа уран бүтээлээ цэнэж, алдаагүй хийх тал дээрээ анхаарч байгаа. Ер нь туршлагатай болсон шүү.

-Та зан араншингийнхаа хувьд ямар хүн бэ?

-Би ажлаа хийж яваа эгэл жирийн гитарчин. Бусдаас ялгараад овойж оцойгоод байх зүйл надад байхгүй. Хоёр идэхгүй\ хоосон хонохгүй сайхан амьдарч байна. Би их шулуухан. Аливаа зүйлийг бөөрөнхийлж, заваараад байдаггүй. Ер нь үзэл бодол, санаагаа шууд хэлчихдэг. Нударга зөрүүлбэл зөрүүлчихнэ. Тэгээд л бол оо. Түүнээс биш муу санаад юмны ард нь үлдээд, дотроо муухай зүйл бодож өөрийгөө шаналгадаггүй. Би ямар гоё дуу зохиох вэ гэж зовж явдаг болохоос биш хэн нэгэнтэй муудчихаад гомдож гуниад явдаг хүн биш.

-Таван жилийн дараах Отгонбаярыг ямраар төсөөлж байна?

-Би уран бүтээлээ хийгээд л явж байна. Харин ард түмэндээ олон сайхан дуу хүргэчихсэн байна шүү. Надад дотроо бодож төлөвлөсөн зүйл олон бий. Уран бүтээл, урлаг миний талд байгаа болохоор би аз жаргалтай байна.

-Мэдээж залуу үеэ дэмжиж ажиллана биз дээ?

-Тэгэлгүй яахав. Одоо бидний үеийн хамтлагууд цөөрчихсөн байна шүү дээ. Залуу хүүхдүүд гарч ирж байна. Мэдээж дэмжинэ. Гэхдээ тэд нар одоо болоогүй. Маш их зүйл сурч, зовж үзэх хэрэгтэй. Амьд хөгжим тоглоно гэдэг санааны зоргоор хийчих ажил биш. Гитар барьж, бөмбөр нүдээд нэг дуу зохиочхоод, концерт тоглоод бид нар амьд хөгжмийн хамтлаг болчихлоо гэж бодож болохгүй. Тэр бол эндүүрэл. Аливаа зүйлд маш олон шалгуур байдаг. Хэзээ сурч, хэзээ мундаг гитарчин болохыг хэн ч мэдэхгүй. Би ч гэсэн одоо суралцаад л явж байна.

-Танд уран бүтээлээс өөр зүйлд хүч үзэх бодол бий юу?

-Байхгүй ээ. Би уран бүтээл дээрээ л шинэлэг байхыг хичээдэг. Дэлхийд ямар дуу ноёлож байна, дэлхийн урлагийн байдал ямар байна вэ гэдгийг байнга судалдаг. Нэг янзын уран бүтээл хийгээд байвал сонсогчид маань хөгжихгүй шүү дээ. Нэг зүйл дээр очоод зогсох нэг өөр. Үүнийгээ яаж илүү гоё болгох вэ гэдэг ондоо асуудал. Ер нь хүн өөрөө өөрсдийнхөө чаддаг юм аа сайн чадаж байх хэрэгтэй. Сүүлийн үед монголчууд универсаль болох гэж их үзэж байна шүү дээ. Урлагийн хүн байснаа гэв гэнэт, улс төрч, тамирчин, бизнесмэн болох гээд л. Гэхдээ яахав дээ. Тэгж явдаг хүмүүс нь явдаг л юм байгаа биз. Миний хувьд бол урлагийг л сонгосон. Үүгээрээ л дуусна.

-Тэгвэл урлагаар олдог мөнгө чинь амьдралд тань хэр хүрэлцээтэй байна?

-Урлагаар баяжиж чадахгүй шүү дээ. Ер нь энэ жаахан амьдралд их мөнгөөр яах юм бэ. Үр хүүхдээ сайхан өсгөж амьдралаа гоё авч явж чадаж л байвал боллоо. Түүхэнд сайхан уран бүтээл маань үлдэж байна. Зуун зуун жилдээ дуулагдах дуугаа төрүүлж байна. Надад тэрнээс илүү баялаг хэрэггүй.

-Гэр бүлийнхээ тухай ярих уу?

-Би сонсогчиддоо гэр бүлийнхнийгээ дэлгээд байдаггүй. Энэ бол миний л амьдрал. Миний уран бүтээл хүмүүст хамаатай болохоос ар гэр маань ямар байх нь бусдад хамаагүй. Би эхнэр хүүхэдтэй тэгээд л бол оо.

-Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хаанаас цацардаг гэж боддог вэ?

-Мэдээж эрүүл саруул амьдрах. Бүгдээрээ эв найрамдалтай үр хүүхэддээ анхаарал тавьж, ер нь бол эрүүл энх бүгдээрээ баярлаж хөөрөлдөж бужигналдаж байх аз жаргал.

-Тайзан дээр нулимс унагаж байсан уу?

-Английн Манчестерт монголчуудтайгаа уулзлаа. Тэнд хоёр бүсгүй "Бид хоёр энд ирээд есөн жил болж байна. Эх орноо санаж байна" гэж байсан. Тэгээд орой тоглолтон дээр бид "Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа гээд дуулаад эхэлсэн чинь тэр хоёр уйлж харагдсан. Би түүнийг хараад эвгүй болсон шүү. Хэрвээ энэ хүмүүс шиг аав, ээж, төрсөн газартайгаа олон жил уулзаагүй бол гэж бодохоор л нулимс гараад байсан. Түүнээс хүн зүгээр нэр уйлах өөр. Эх орон, ээж , аав хүүхдээ санаад "унагасан нулимс ямар хэцүү байдаг юм бэ гэдгийг ойлгосон.

-"Хурд" хамтлаг тоглолтоо зохион байгуулах гэж байгаа гэсэн байх аа?

-Сүүлийн үед манай хамтлаг уран бүтээлийн ургац арвин байна. Шинэ уран бүтээл дээрээ ажиллаад дууслаа. Бид "Хайрын салхи" нэртэй тоглолтоо энэ сарын 27-нд үзэгчиддээ өргөн барих гэж байна. Мөн "Хайрын салхи" нэртэй цомог маань бэлэн болсон. Тоглолтондоо ирсэн хүмүүст бэлэглэнэ. Мөн "Урин дуудсан сүр хүч", "Гоо бүсгүй" гэсэн дуунууддаа клип хийлгэлээ. Энэ жил нэг бие даасан тоглолт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Яг түүгээрээ л явж байна. Тоглолтод маань дандаа хайрын дуу эгшиглэнэ. Мөн цоо шинэ 10 дуу бэлэн болсон байна.

-Хамтлагууд ойн баяраа тэмдэглэдэг болсон. Танай хамтлагийн хувьд?

-Хамтлаг маань1993 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн. Өдийг хүртэл тасралтгүй явж байна. Бид тэдэн жил боллоо гэж өөрсдийгөө цензүрдэх дургүй. Зүгээр л өөрсдийнхөө амьдардаг ес жамаар ажлаа хийж явна. Тэрнээс биш, тэдэн цомог гаргасан, тэдэн дуутай гээд өөрсдийгөө дөвийлгөнө гэдэг утгагүй. Чаддаг зүйлээ хийгээд явж байхад аяндаа ард түмэн үнэлэх байлгүй дээ.

No comments:

Post a Comment