Labels

Saturday, December 5, 2009

Ногоон цай яс бэхжүүлдэг гэнэ

Дорно дахины хамгийн нэрд гарсан ундны нэг болох ногоон цай уух нь ясыг бэхжүүлж, ясны эдийн өсөлтийг сэргээж, түүний задрах үйл явцыг удаашруулан, яс сийрэгжихээс сэргийлж болох юм гэж Хятадын эрдэмтэд “Journal of Agricultural and Food Chemistry” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ.


Ногоон цай хорт хавдар, зүрхний элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд таатай үр нөлөө үзүүлдгийг өмнөх олон судалгаа харуулсныг өгүүлэл бичсэн Гонконгийн их сургуулийн Бин Жунлён болон түүний мэргэжил нэгтнүүд тэмдэглэж байна. Энэ цай ясанд ашиг тустай байж болохыг эсийн өсгөвөрт хийсэн туршилтаар зарим судлаач тогтоосон ч,  чухамхүү ямар бодисууд ийм нөлөөтэй нь тодорхойгүй үлджээ.

Хятадын судлаачид ясны эдийг бүрдүүлдэг эс болох остеокластыг хархнаас авч, түүнд ногоон цайны гол гурван бүрдэл хэсэг болох катехинээр нэлээд хэдэн өдрийн туршид нөлөөлжээ.

Эдгээр бодисын нэг болох эпигалокатехин (epigallocatechin - EGC) нь  ясны өсөлтөд нөлөөлдөг гол ферментүүдийн идэвхжлийг 79 хувиар нэмэгдүүлснийг судалгаа харуулсан байна. EGC нь ясны эдийн эрдэсжилтийн хэмжээг бас нэлээд ихэсгэдэг ажээ.

EGC их хуримтлагдсанаар ясны эдийг эвддэг нэг төрлийн эс болох остеокластын идэвхжилд хориг тавьдгийг эрдэмтэд бас тогтоосон байна. Ингэхдээ ногоон цайны бүрдэл хэсгүүд эсэнд ямар нэг хортой гаж нөлөө үзүүлдэггүй ажээ.

No comments:

Post a Comment