Labels

Sunday, December 13, 2009

Н.Ариунболд: Амьдралд “чухал царайлаад” байвал зүрх чинь дийлэхгүй шүү, найзууд аа

Н.Ариунболд: Амьдралд “чухал царайлаад” байвал зүрх чинь дийлэхгүй шүү, найзууд аа
Хошин урлагийн "Шинэ үе " продакшны захирал Н.Ариунболдтой ярилцлаа.

-Танай хамтлагийн бүтээсэн шинэ кино бэлэн болсон гэж сонслоо?

-Тийм шүү. Бид өмнө нь "Буруу эргэлт" кино бүтээсэн. Харин энэ удаа инээдмийн кино хийлээ. Үзэгчид маань "Танайх инээдмийн продакшн биз дээ. Яагаад эмгэнэлт кино хийгээд байгаа юм бэ. Инээдмийн кино хийгээч ээ" гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд Английн зохиолч Ре Кунигийн "Эхнэрийнхээ төлөө давхи" зохиолоос сэдэвлэсэн шинэхэн уран бүтээл бэлэн боллоо. Өмнө нь бид жүжиг болгон тайзнаа амилуулж байсан. Тэгээд дэлгэцийн бүтээл болговол зүгээр юм болов уу гэж хадгалж байсан юм. "Үлгэрийн хайр" киноныхоо дууны үгийг би бичлээ. "Бороон дунд зогс гэж чамайг би тулгахгүй" гээд дуу маань эхэлнэ шүү дээ.

-Та бас өмнөх киноныхоо дууны шүлгийг бичсэн. Ер нь шүлэг зохиох талдаа авьяастай юм аа?

-Би өмнө нь "Хурд" хамтлагийн дуулдаг "Нэг ангийнхан" дууны шүлгийг бичсэн. Тэгсэн чинь дуу маань хит болоод надад их урам өгсөн л дөө. Дараа нь "Буруу эргэлт" киноны дуу бас хит боллоо. Тэгээд энэ удаа өөрөө киногоо зүрх сэтгэлээрээ мэдэрч, гол дүрд нь тоглосон юм болохоор хүнээс юм нэхэж байхаар өөрөө бичье гэж шийдсэн. Олон хүн сонсоод "Сайхан дуу байна" гэж надад урам өгч байна.

-Тэгвэл таны зохиосон хит дуу нэгээр нэмэгдэх нь ээ?

-Гэхдээ хит болсноороо миний нэр алдар өсчихөж байгаа юм биш. Гол нь хүн бүхэн аялдаг, хайрын тухай дуутай болоосой гэж бодож энэ уран бүтээл дээр ажилласан.

-Хошин шоу тоглолтын хувьд одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Шинэ жил дөхөөд ирэхлээр урлагийнхны ажил ихэсдэг шүү дээ. Бид албан байгууллагуудын шинэ жилд уригдана, мөн телевизийн нэвтрүүлгүүдэд оролцож байна. Ирэх нэгдүгээр сараас шилдэг үзүүлбэрийн түүврүүдээрээ тоглолт хийнэ. Мөн арванхоёрдугаар сарын 29-нд энэ ондоо хийж бүтээсэн шилдэг бүтээлүүдээ нэгтгэсэн "Оны онцлох инээд" шоугаа үзэгчиддээ өргөн барина. Одоогоор "Үлгэрийн хайр" киноныхоо нээлтийг хийхээр завгүй л ажиллаж байна даа.

- "Эхнэрийнхээ төлөө давхи" гэсэн зохиолоос сэдэвлэсэн гэсэн. Яагаад "Үлгэрийн хайр" гэж нэрлэх болов оо?

-Үлгэрт үнэн бий худал ч бий гэдэгтэй адилхан хайранд авах, хаях юм байдаг шүү дээ. Энэ утгаар нь бодож нэрлэсэн. Үзэгчид маань сайхан хүлээж авах байх аа. Манай киног үзээд шал дэвсээд инээнэ гэдэгт би 100 хувь итгэлтэй байна.

-Зохиол дээр хоёр эхнэртэй хүний тухай гардаг шүү дээ. Монголд тийм хүн олон байна уу. Судалгаа хийж үзэв үү?

-Манайд хоёр амьдралыг хослуулчихаар хүн хэн байна гэдгийг бодлоо л доо. Тэгсэн чинь таксины жолооч нар байсан. Зохиол дээрээ ч тэгж гардаг. Монголд такси шиг олон юм байхгүй. Тэгэхлээр үүнд таксины жолоочийн хайр дурлалын гурвалжин, дөрвөлжин үйл явдлууд өрнөх болно. Энэ зохиолыг Н.Ганхуяг багш маань гадаадад явж байгаад авчирсан юм.

-Уран бүтээлч хүний үнэлэмж одоогийн нийгэмд ямар байна вэ?

-Хамгийн гол нь үзэгчдийн алга ташилт, тэдний сэтгэл ханамжийг харж баярладаг. Тэгээд талх барьдаг хүн чинь талхаа зардаг шүү дээ. Тэрэнтэй адилхан бид хийсэн бүтээснээрээ мөнгө олж ахуй амьдралаа авч яваа. Энэ чинь бидний уран бүтээлийн үр дүн.

-Та өөртөө амралт гаргаж чадаж байна уу?

-Би уран бүтээлдээ Хайртай. Үүнийхээ төлөө цаг наргүй ажилладаг. Өөрийгөө хайрладаггүй хүн л дээ. Тийм болохоор бусдыг ч гэсэн "Ажил хий, цагтаа ир" гэдэг зантай. Гэр бүлийн хүн маань хааяа "Чи өөртөө жаахан амралт гаргаач ээ. Ингэж явсаар байгаад уналаа шүү дээ" гэж хэлж л байдаг. Би тоодоггүй юм, энэ ажил мэргэжлийн төлөө өөрийгөө хайрладаггүй. Залуу уран бүтээлчдээ ч гэсэн зүтгүүлдэг. Манай кинон дээр ажилласан багийнхан ядарсан байх. Гэхдээ бид үлдэх бүтээлийн төлөө ажилласан болохоор энэ чухал биш. Хийсэн бүтээсэн зүйл маань эргээд бидэнд их зүйлийг авчрах болохоор залуу байхдаа л бид ядарч авахгүй бол хөгширсөн хойноо тэртэй тэргүй ядаргаанд дарагдана шүү дээ.

-Зарим хүн хошин урлагт шүүмжлэлтэй ханддаг. Та эмзэглэдэг үү?

-Үгүй дээ. Харин ч урам авдаг. Ер нь аливаа урлаг шүүмжлэлгүй бол нурдаг байхгүй юу. Хүнийг магтаал алдагтай адилхан шүүмжлэхгүй бол урлаг хөгждөггүй. "Хошин урлаг бол урлаг биш, тархи угаагчид" гээд л янз бүрийн зүйл их сонсогддог. Зарим хүн "Та нар няцаалт өгөөч ээ" гэдэг. Миний хувьд өгөхгүй. Яагаад гэвэл тэд биднийг шүүмжлэх тусмаа бидний замыг хөгжүүлж, нээж өгдөг. Мөн хурцалж, хараагүй алдааг маань хэлдэг шүү дээ. Өнөөдөр сонгодог урлагийг шүүмжлэх хүн байхгүй учраас зогсчихсон байна. Мөн ардын урлаг байна. Үзэгчид нь холдчихож байгаа байхгүй юу. Тэгэхлээр хошин урлаг шүүмжлэл тэмцэл дунд үр дүнтэй яваа. Миний хувьд өдөр бүр цаг минут бүхэнд шүүмжлэлтэй таардаг. Түүнийг хүлээж авдаг. Монголчуудын дунд "Идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрна" гэдэг үг байдаг шүү дээ. Хүний шүүмжлэлийг хүлээж авч байна гэдэг хүн байсны хэрэг шүү дээ. Амьдралд "чухал царайлаад" хандаад байвал зүрх чинь дийлэхгүй шүү найзууд аа.

-Таны болон танай хамтлагийн уран бүтээлийн зорилго юу вэ?

-Бид гадаад зах зээл дээр гарна гэж том боддоггүй. Монголдоо ямар ч цаг үед эзнээ үгүйлэх уран бүтээлтэй үлдэх юмсан гэж боддог. Бид том театр, бунхан байгуулж чадахгүй. Харин хүний сэтгэлд үлдэх хөшөө баримал, уран бүтээл үлдээх гэж зорьж явна. Түүнээс биш материаллаг талаас боддоггүй. Бодоод ч хүрэхгүй байх. Монголын хошин урлагаар олон залуу орж, гарч, сайнтай, муутай явж байгаа. Залуу үеийнхнийгээ зөв залаад зорилготой яваасай гэж хүсч явдаг.

-Дууны урлагт зарим тохиолдолд гадны уран бүтээлийг хуулбарлачихсан байдаг. Хошин шоу үзүүлбэрт тийм зүйл байдаг уу?

-Зөвхөн санаа л авдаг. Түүнээс биш хуулбарлана гэдэг утгагүй. Монголын болон гадаадын зохиол бүтээлийг их судалж байна. Өнөөдөр нийгэмд болж буй баримтыг хардаг. Байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцаж, эх хүнийг хэр хүндэлж, эх орноо хайрлаж чадаж байна уу үгүй юу гэхчлэн тухайн цаг үеийг харуулж тоглодог. Тэгэхгүй бол бид үзэгчдийг татаж чадахгүй. Тэгэхээр энэ үеийн зохиолчид бидэнд их хэрэгтэй.

-Гэхдээ яг нийгэм рүүгээ чиглэсэн уран бүтээл ховор юм шигээ?

-Сонин, хэвлэл болон зурагт, радиогоор нийгмийн асуудлыг байнга ярьж, гаргаж байна. Алжаал, стрессээ тайлах гээд ирж байгаа үзэгчдэд дахин түүнийг үзүүлж юм бодогдуулах шаардлагагүй гэж үздэг. Харин түүний эсрэг гэгээлэг, цагаан уран бүтээл хүргэж инээд бэлэглэхийг хүсч байна.

-Олон дүр бүтээдэг учраас амьдралд байнга судалгаа хийж явдаг байх?

-Тэгэлгүй яахав. Судалгаа, шинжилгээнд магадлагаа гаргаад дараа нь нотлоод, дүгнэлтээ гаргадаг.

-Амьдралд харамсах үе байсан уу?

-Тэр талаар нэг их боддоггүй. Харамсах юм бол яах гэж ийм алхам хийсэн юм бэ гэж боддог. Харамсахгүйн тулд эхлээд хийх алхмынхаа өмнө дараа харамсах вий дээ гэдгийг боддог. Тийм учраас алхам хийчхээд түүндээ харамсаж суух утгагүй.

-Бооёо хэр намба сууж байна вэ?

-Намба суулгүй яах вэ. Нас 30 гараад явчихлаа шүү дээ. Насны намба энэ тэр нь болоогүй л байх. Гэхдээ л ухамсар гэх зүйл давамгайлж байна. Нийгмийн сэтгэлгээ болон үүндээ хөл нийлүүлэн алхах, өөрийн сахилга бат, биеэ авч явах, хөгжүүлэх гээд олон зүйлийг ухамсраар удирдах гэдэг зүйл энэ насанд аяндаа гараад ирдэг юм байна шүү дээ.

-Хөгшрөхөөс айдаг уу?

-Би хөгшин болсон ч гэсэн залуу сэтгэлгээтэй байх болов уу гэж боддог. Харин биеийн хурд жаахан саарч магадгүй /инээв/. Тэр үед залуу сэтгэлгээний зүйл гарч, ирвэл дүү нарыгаа "хийгээч ээ" гээд уриалаад сууж байна даа.

-Тэр үед ч гэсэн "эмээгийн" дүрдээ тоглосоор л байх болов уу?

-Өө тэр үед чинь будахгүй л тоглоно шүү дээ. /инээв/

-Та багадаа эмээтэйгээ өссөн үү?

-Тийм. Эмээгийнхээ өвөрт өссөн. Эмээгийн минь бор авдар миний ажлын өрөөнд одоо ч байдаг. Харин төмөр ор нь ээжийн гэрийн тагтан дээр бай-сан юм. Тэгээд ээж "Энэ орыг нь яах вэ" гээд байхаар нь гэртээ авчраад тавьчихсан. Тэр орон дээр би 18 нас хүртлээ эмээгийнхээ өвөрт унтаж өссөн. Тэр үед ангийнхаа хүүхдүүдээс ичээд, өглөө эрт босч, ангийн хүүхдүүдийг орж ирэхээс нь өмнө шалаараа юм дэвсээд хэвтчихдэг байсан.

-Их дурсамжтай төмөр ор байх нь ээ?

-Тийм ээ. Саяхан нэг худалдааны төвд очоод "орны бүтээлэг авъя" гэсэн чинь худалдагч нь том диваны бүтээлэг харуулсан. Тэгэхээр нь "нэг хүний орны жижиг бүтээлэг" гэсэн чинь "Юун дээр тавих гэж байгаа юм бэ та" гэнэ. Тэгэхлээр нь "200-гийн цагаан төмөр орон дээр тавья" гэсэн чинь худалдагч нь өөдөөс нүдээ том болгоод гайхаж хараад байсан. Яагаад манайд тийм ор байж болохгүй гэж гоё биз дээ. /инээв/

-Та эмээдээ тийм их хайртай юм чинь, тэр агуу хүнээсээ их зүйл сурч авсан л байхдаа?

-Манай эмээг "ёндон авгай" гэдэг байсан юм. Халаглахаараа "Ээ Ёндон гуай" гэдэг байлаа.

-Тэр нь ямар учиртай үг вэ?

-Мэдэхгүй. Харин эмээгээ их "цаашлуулж" тоглодог байсан шүү.

-Эмээгээсээ их чихэр нэхдэг байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Эмээгийн ганц хүүхэд байлаа.

No comments:

Post a Comment