Labels

Saturday, December 5, 2009

Монгол улс маань чансаагаараа дэлхийд хаахна явна

Дэлхийн улс орнуудын аж амьдралын түвшинг жил бүр гаргадаг Legatum Prosperity Index хүрээлэн 2009 оны шинэ чансааг гаргажээ. Жагсаалтад 104 орон багтсанаас Монгол Улс 50 дугаар байранд орсон нь үсрэнгүй амжилтад тооцогдож байна. Энэхүү рейтинг нь эдийн засгийн бааз суурь, бизнесийн шинэчлэл, ардчилал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, засаглал, хувийн эрх чөлөө, нийгмийн баялаг гэсэн есөн тулгуур үзүүлэлтээр улс орнуудын аж амьдралын түвшинг дүгнэдэг ажээ. Судалгаагаар манай хоёр хөрш болох Орос 69-д, Хятад 75-р байрт жагссан байна.

Аж амьдрал хамгийн сайн орноор Финланд шалгарсан бол Швейцарь удаалан, Швед гуравт бичигджээ. АНУ есдүгээр байр эзэлсэн байхад Япон 16, Хонконг 18-д оров. Түүнчлэн Монгол Улс Ази Номхон Далайн орнууд дотроо аравдугаар байр эзэлжээ.


Legaton prosperity index хүрээлэнгээс манай орныг ийнхүү танилцуулсан байна.

Монгол

Хүн ам- 3 сая (2009 оны тоо), Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3200 доллар (2008 ) , Инфляц есөн хувь (2007), Дундаж нас 56 (2003), Дотоодын нийт бүтээгдэхүүн 9,5 тэрбум доллар (2008) , Улс төрийн систем /парламент (2009), Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 9 хувь (2008), Ажилгүйдэл 3 хувь (2007), 10 хүний дөрөв нь амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. (2008) Улс төрийн тогтолцоо - чөлөөт.

Эдийн засгийн бааз суурь:

57 дугаар байр. Монгол Улсын эдийн засгийн суурь нь бат боловч, түүхий эдийн экспортоос дэндүү хамааралтай байна. Ажилгүйдэл маш бага, 2.8 хувьтай. Гэвч инфляц тун өндөр 9 хувиас ил үү гарснаараа хамгийн тааруу үзүүлэлттэй байна. Банкны салбар нь үр нөлөөтэй ажиллаж чаддаг, харин түүхий эдийн экспортоос хэт хамааралтай, нөлөөлөх чанар нь 40 хувьд хүрээд байна.

Хувиараа бизнес эрхлэх болон шинэ бизнес эхлүүлэх:

70 дугаар байр. Шинэ бизнесийг нээхэд саад, төвөг бага боловч дэд бүтэц муу, хөрөнгө оруулалтын хязгаарлалт нь садаа болдог. Монголд шинэ бизнес нээхэд найман зүйлийг гүйцэтгэсэн байх ёстой нь олон улсын түвшинд тун бага тоо юм. 100 хүнд 14 компьютер оногдож байгаа нь бага бус, харин интернэт холболт улс даяар нь авч үзвэл хангалттай биш.

Ардчиллын тогтолцоо:

44 дүгээр байр. Хэдийгээр Монгол ардчилсан улс боловч эрх баригчдын хувьд тэнцвэр, хянах тогтолцоо сул юм. Улс төрийн болон хувь хүний эрх чөлөөгөөрөө Монгол Улс дээгүүрт бичигдэж байна. Гэвч улс төрчид нь хууль тогтоох үйл ажиллагаандаа маш амархан нөлөөлөх бас нөлөөнд автах магадлалтай. Сонгууль нь чөлөөтэй, шударга өрсөлдөөнтэй болж чаддаг. Гэвч улс төрийн тэнцвэр сул, нэг намын нөлөө хэт их.

Боловсрол:

53 дугаар байр. Анги нь хэт олон хүүхэдтэй, боловсролын салбарт хөрөнгө бага байгаа нь Монгол Улсын боловсролын тогтолцоог дунджаас доогуур барьж байна. 32 хүүхдэд ганц багш оногдож байгаагаараа тун базаахгүй дүн аваад байна. Гэвч дунд сургуульд хүүхдийг хамруулах хувь 89 байгаа нь нэлээд дээгүүр үзүүлэлт юм. Дунд сургуульд 100 хөвгүүн тутамд 108 охин таарч байгаагаараа хүйсийн тэнцвэрээр дэлхийд хоёрт орох үзүүлэлт юм. Нэг сурагчид зарцуулах хөрөнгийн хэмжээгээрээ хамгийн бага.

Эрүүл мэнд:

76 дугаар байр. Эмч, эмнэлгийн ажилтны тоогоороо маш дээгүүр боловч амьжиргааны түвшин, нялхсын эндэгдэл гэсэн үзүүлэлт нь базаахгүй. Монголын 10 мянган иргэнд 26 эмч, сувилагч, эмнэлгийн 75 ор ногдож байгаа нь өндөр үзүүлэлт учраас шилдэг 30-д багтана. Гэвч эрүүл мэндэд тулгуурласан наслалт дунджаар 56, мөн хүн амын дөрөвний нэг нь нэмэлт тэжээлээр дутмаг байгаа нь 90 дүгээр байрны үзүүлэлт юм. Нялхсын эндэгдэл хэт өндөр, 1000 төрөлт бүрт 36 нярай энддэг. Нийт хүн амын 72 хувь нь ундны усандаа сэтгэл хангалуун явдаг, 28 хувь нь ямар нэг өвчтэй, бараг 75-аас дээш хувь нь ерөнхий эрүүл мэндийн тогтолцоонд сэтгэл хангалуун бус байдаг байна.

Аюулгүй байдал:

35 дугаар байр. Үндэсний хэмжээнд аюулгүй байдлын томоохон асуудал байхгүй боловч дотоодын гэмт хэрэг ноцтой нэмэгдэж байна. Үзэл бодлоор ялгаварлах, арьс, үндсээр нь гадуурхсан гэсэн тайлан хааяа ирдэг боловч 2007 онд нэг ч хүн ялгаварлан гадуурхагдсаны улмаас амиа алдаагүй. Дотоодын гэмт хэрэг гаралтын дундаж дэлхийн дунджаас өндөр. Хөрөнгөө хулгайд алдсан хүмүүсийн хувь 22 байгаа нь мөн чамгүй өндөр тоо. Хүн амын талаас илүү нь өөрийн амьдардаг орчиндоо болоод шөнийн харанхуйд амар тайван явж чадахгүй гэж үзэж байгаа нь хамгийн муу улсын тоонд орж байна.

Засаглал:

86 дугаар байр. Засагтаа итгэх итгэл бага, хүнд суртал өндөр байгаа нь Монголыг маш сул засаглалтай улс болгож байгаа юм. Монголд хуулийн заалт байнга тэгш бус, хувь хүнээс хараатаар үйлчилдэг. Эдийн засаг, худалдааны зохицуулалт, хууль ч бас тааруу. Сонгууль шударга болдог гэж ердөө 21 хувь нь л үздэг, хуулийн тогтолцоондоо 37-хон хувь нь сэтгэл хангалуун байдаг. Тэр ч бүү хэл 95 хувь нь орон нутгийн захиргаандаа хүртэл авлига байгаа хэмээн үзэж байгаа нь туйлын муу үзүүлэлт юм.

Хувийн эрх чөлөө:

59 дүгээр байр. Хэдийгээр улс төрийн эрх чөлөө сайн боловч монголчууд өдөр тутмын амьдралынхаа сонголтод хангалттай эрх чөлөө эдэлж чаддаггүй байна. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол маш сайн. Гэвч ердөө 63 хувь нь өдөр тутмын амьдралынхаа сонголтод эрх чөлөөтэй байдаг хэмээн үзэж байгаа нь тун муу үзүүлэлт юм. Олон үндэстний асуудалд хандлага муутай, хөршөө, орчин тойрноо өөр үндэстэн, улсын хүн байхыг дэмжих хувь нь ердөө 60.

Нийгэм, олон нийт:

42 дугаар байр. Монголчууд буяны сан, сайн дурын хөдөлгөөнөөс багагүй ашиг хүртэж чаддаг боловч шашны сүлжээнд хамардаггүй. Монголчууд буддын шашинтай улсын тоонд ордог. 10 монгол хүн тутмын ес нь хэрэгцээ гарсан үед гэр бүл, найз нөхдөөсөө тус дэм авч чадна хэмээн үздэг байна. Гуравны нэг хувь нь ямар нэг хандив хүртсэн гэж байгаа нь дунджаас дээгүүр үзүүлэлт юм.

No comments:

Post a Comment