Labels

Saturday, December 5, 2009

Леона Льюис: Энэнээс муу зүйл болж болох л байсан, гэтэл би амьд байна шүү дээ


Их Британийн дуучин, 24 настай Леона Лоуиз Льюис 2006 онд Британийн "X Factor" шоуны ялагч болсноор амжилтын гараагаа эхэлсэн билээ.
Тэрбээр поп, R&B чиглэлийн дуучин, дуу зохиогч бөгөөд Грэммийн наадмын шагнал хүртэж, "Дотоод сэтгэл", "Цуурай" нэртэй хоёр цомог гаргасан билээ. Түүний эхний цомог нь Их Британийн хамгийн хурдан борлуулалттай цомог болж, тэрбээр өөрөө дэлхийн шилдэг цомгийн жагсаалтанд багтаж чадсан анхны Британи гаралтай дуучин болсон юм. Харин арваннэгдүгээр сард өдрийн шинэ цомог "Цуурай"-г гаргасан билээ.
Түүнийг олон сая шүтэн бишрэгчид нь дараагийн Уитни Хьюстон болно хэмээн хүлээж байгаа юм. Саяхан тэрбээр "Мөрөөдлүүд" нэртэй дуртгалын номныхоо нээлтийн үеэр нэгэн шүтэн бишрэгчийнхээ халдлагад өртсөн юм. Азаар дуучин бүсгүй бэртээгүй байна. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн наадмаар өөрийн ая дуугаа өргөсөн билээ. Ингээд түүний ярилцлагыг толилуулъя.
-Чи саяхан өөрийнхөө тухай "Мөрөөдлүүд" нэртэй ном гаргасан. Өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралыг зурган дээрээс харахад ямар байсан?
-Тийм ээ, зурган дээрээс амьдралынхаа сайхан мөчүүдийг харах гоё шүү дээ. Зураг маш олон зүйлийг өгүүлдэг. Бас үзэхэд ч сонирхолтой.

-Хүмүүс чамайг "X Factor" шоуны тайзан дээр дахин гарч дуулсанд чинь тун баяртай байгаа?
-Тийм ээ, би ч гэсэн баяртай байна. Би анх авъяастнуудын тэмцээнд оролцож түрүүлсэн. Дараа нь өөрийн гэсэн бүтээл, дуунуудтай болчихоод дахин энэ тайзан дээр гарч байгаадаа баяртай байна.

-Чи одоо яг л Лос-Анжелосын охин шиг харагдаж байна?
-Тийм байна уу. Лос-Анжелост амьдрах надад таалагдаж байна. Гэхдээ Лондон дахь Хакни бол төрж өссөн газар минь учраас үргэлж гэр минь байх болно.

-Чи Лондонгийн юуг нь их санаж байна?
-Би Британийн телевизийн шоу нэвтрүүлэг "EastEnders''-ыг санаж байна. Амьдарч байсан дүүргийн ресторанууд гээд л олон юмыг санаж байна.

-Чи энэ жилийн "X Factor" тэмцээнийг үзсэн үү?
-Жаахан л үзсэн. Би хамгийн эхний шоуг нь үзсэн. Маш гоё болж байсан. Тэмцээн миний оролцож байсан үеийнхээс хамаагүй том, өргөн хүрээтэй болсон юм шиг санагдсан.

-Поп чиглэлийн дуу дуулахад ямар байна?
-Би хэзээ ч цэвэр R&B чиглэлийн дуу дуулж байгаагүй. Би анх дуулж эхлэхдээ поп, R&B хэв маягийг 80-аад оны дууны аялгуутай хослуулан дуулж байсан. Магадгүй энэ нь дууны шинэ төрөл болбол би их баярлана.

-Дуу бичих хүнд байсан уу?
-Жастин Тимберлэк, Жон Шанкс болон Шведийн зохиолчидтой хамтран би хөгжмүүдээ хийсэн. Тиймээс энэ хүмүүсийн тусламжтайгаар надад тийм ч хэцүү байгаагүй. Тэд нар маш чадварлаг хүмүүс. Би тэднээс олон зүйлийг сурсан.

-Жастин Тимберлэктэй хамтран "Намайг битгий буулга" дууг бичүүлэхэд ямар байсан?
-Бид хэд хэдэн дууг хамтарч бүтээсэн. Гэхдээ тэднээс ганцхан нь л шинэ цомогт орсон. Тэр дууны арын хоолойг гаргахад тусалсан.

-Энэ дуу анх интернэтээр хууль бусаар цацагдсан. Чи үүнд уурласан уу?
-Тийм ээ, энэ дуу анх бичигдсэн хувилбараасаа маш их өөрчлөгдсөн. Миний уурыг хүргэж байгаа юм нь энэ дууны бэлэн болоогүй хувилбарыг хүмүүс сонсох болсонд л байна.

-Леона, чи хэзээ нэгэн цагт интернэтэд хууль бусаар тавигдсан дуунуудыг татаж авч байсан уу?
-Хэзээ ч үгүй. Энэ нь цагдаа нар гэрт минь хүч түрэн, хаалга эвдлэн орж ирж буй юм шиг санагдаад айдаг. Хоёрдугаарт би хөгжмийг хүндэтгэж байна.

-Чиний цомгоо гаргаж байгаатай давхцан Мэрайя Кэри, Уитни Хьюстон нар өөрсдийн цомгуудыг гаргаж байна. Хүмүүс та нарын цомгуудыг харьцуулж, өрсөлдүүлэх гэх байх даа?
-Цомгууд зэрэг гарах тохиолдол байнга л байдаг. Тэгэнгүүт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр л тэднийг хооронд нь харьцуулж, өрсөлдүүлэх гэдэг. Тийм биш гэж үү.

-Леона хэзээ гэрлэх вэ?
-Одоохондоо болоогүй, гэхдээ нэг л өдөр гэрлэх байх. Бид энэ талаар хараахан ярилцаагүй байна. Би ирэх 15 жилийн дотор л гэрлэнэ гэж боддог.

-Хүүхдүүдийн тухайд?
-Би гэр бүлээ хараахан төлөвлөөгүй байна. Ямар ч гэсэн өөрийгөө бэлэн боллоо гэж үзтэлээ хүүхэдтэй болохгүй. Бат бөх суурьшилтай болж, тэднийхээ төлөө бүх цаг хугацаагаа зориулж чадах болсон тэр үед л хүүхдүүдтэй болно. Гэхдээ би өөрийгөө хүүхдүүдтэй болчихсон байгаагаар төсөөлөх дуртай.

-Номын нээлтэн дээр болсон явдлын тухайд?
-Энэ бүхэн илүү муу байж болох л байсан. Гэтэл би амьд байж л байна. Алдар нэртэй байхдаа илүү их анхааралтай байх хэрэгтэй юм байна. Гэхдээ сайн зүйлс нь муугаасаа их шүү дээ. Би их өөдрөг үзэлтэй хүн.

-Мэдээж чи их цочирдсон байх?
-Энэ маш гэнэтийн явдал болсон. Би тэр өдрийг гайхалтай өнгөрүүлж, тэнд байсан хүмүүстэй уулзаж байлаа. Гэтэл дараагийн мөчид энэ явдал болсон.

-Тэр шүтэн бишрэгчийн тухайд юу хэлмээр байна?
-Би үргэлж хүмүүсийг сайн сайхнаар төсөөлөхийг оролддог. Гэхдээ хэрэг дээрээ дандаа тийм байдаггүй л юм байна.

-Чамайг илүү хүчтэй байхыг шаардаж байсан мөчүүдээ яриач?
-Миний бодлоор элдэв таагүй яриа тархсан үед л илүү их хүчтэй байх хэрэгтэй болдог. Ялангуяа миний хувьд. Учир нь би их эмзэг, зожиг хүн. Гэхдээ одоо өөрийнхөө бодож байснаас илүү хүчтэй байхад суралцаж байна. Цаашдаа ч бодсоноосоо илүү ихийг хийж чадах байх. Заримдаа өөрийгөө түлхэж өгөх хэрэгтэй болдог. Гэхдээ л би хүчтэй байж чадна.

-Шинэ цомогт багтсан "Дотоод сэтгэл" дуугаа дуулахдаа чи илүү их тайван, өөртөө итгэлтэй байсан гэсэн. Яагаад?
-Би энэ цомгийг хийх хугацаанд маш их зүйлийг сурсан. Би бүх дуунаасаа сэтгэл догдлуулсан зүйлийг мэдэрдэг. Энэ цомгийг хийхэд би өөрийгөө бүх л талаар нь зориулсан.

-Шинэ цомгоо гаргахад чинь хамгийн их дэмжлэг болсон хүн хэн бэ?
-Миний ээж л байхдаа.

-Чи яагаад Райн Тэддэртэй дахин хамтарч ажиллахаар шийдсэн юм бэ?
-Тэр маш их авъяастай. Бидний хамтарч хийсэн "Bleeding love" дуу сайн болсон. Тиймээс л түүнтэй дахин хамтрахыг хүссэн, Бид бие биенээ сайн мэддэг. Тэр дуу бичих, хоолойгоо тохируулах үед намайг хүнд байдалд орвол амархан гаргаж чаддаг. Тэр ч дуулдаг. Сайн дуулаач, найруулагчидтай хамтарч ажиллах нь маш гайхалтай зүйл шүү дээ. Учир нь тэд юу хийхээ сайн мэддэг, ойлгодог.

-Тэр Беонси, Келли Кларксон болон бусад дуучидтай хамтарч ажиллаж байгаа. Тэр чамаас их зүйл суралцсан болов уу?
-Тэр надтай хамтрахаасаа өмнө нь ч хөгжмийн найруулагчаар ажиллаж байсан. Мэдээж хэрэг "Bleeding love" түүний анхны томоохон бүтээл. Магадгүй тэр надаас дуучид, уран бүтээлчидтэй хэрхэн хамтрах талаар суралцсан байж болох юм. Би сайн мэдэхгүй.

-Анхны сингл "Жаргалтай" дуунд чинь таагүй харилцааны тухай гардаг?
-Энэ дуу яг ч таагүй харилцааны тухай биш л дээ. Зүгээр л энгийн амьдралын тухай гардаг. Хэн нэгэн энийг ч хий, тэрийг ч хий гээд, хүсэхгүй байгаа зүйлийг нь хийлгэх гээд л. Тэгээд л хүмүүс өөртэй нь хамаагүй хэн нэгний амьдралд хажуугаас нь оролцож, үүнээс болоод л муудалцдаг. Энэ дуунд хоорондоо хамааралтай зүйлс хэрхэн бие биендээ нөлөөлж байгаа тухай гардаг.

-Чамтай тулгарч байсан хамгийн том сорилт юу байсан бэ?
-Хүмүүс чамайг арай илүү мэддэг болоод ирэхээр олон зүйлс өөрчлөгддөг юм байна лээ. Би тогтвортой байж, өөрийгөө дэлгээд байхыг хүсдэггүй. Гэтэл хүмүүс чамд анхаарч, юм мэдэж авахыг хүсээд байх их хэцүү.

-Олон шүтэн бишрэгч чинь чамайг гэр бүлийнхээ гишүүн мэтээр хүлээн авдаг?
-Тийм ээ, Их Британид тэд намайг сайн мэддэг юм шиг байдаг. Яг л би тэдний эгч нь ч юм шиг. Энэ маш гоё. Би маш их хайр, дэмжлэгийг авч чаддаг. Учир нь хүмүүс намайг бас тэгэж л хүлээж авдаг. Энэ бол маш гайхалтай.

-2008 оны Бээжингийн олимпийн хаалтын ажиллагаан дээр чи дуулсан. Нэг тэрбум хүн энэ наадмыг үзсэн. Чи тайзан дээр өндөр шатан дээр зогсож дуулсан. Ямар байсан бэ?
-Мэдээж би өмнө нь хэзээ ч ийм олон үзэгчийн өмнө гарч байгаагүй. Тайзны тухайд бид маш их бэлтгэл хийсэн болохоор хэцүү байгаагүй.

No comments:

Post a Comment