Labels

Sunday, December 13, 2009

Н.Сувд: Өөдөөс ирж байвал, гудамжны нөгөө талд гарчихдаг байсан

Н.Сувд: Өөдөөс ирж байвал, гудамжны нөгөө талд гарчихдаг байсан
Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Улсын драмын эрдмийн театрын дэд дарга Н.Сувдтай уулзаж, монгол бүсгүйчүүд, эхчүүдийн өнгөрсөн, өнөө үеийн талаар түүний үзэл бодол болон олны танил энэ түүний ажил үйлс, амьдралын талаар ярилцсан юм.

-Таны бүтээсэн олон сайхан дүрээр таныг монголчууд андахгүй. Тийм болохоор энэ удаа Монгол бүсгүйн мөн чанар болон өнгөрсөн, өнөөгийн байдлын талаар ярилцлагаа эхэлбэл сонин байх болов уу?
-Бидний залуу үе, энэ цаг үеэс эрс тэс ялгаатай. Бидний үед монголчуудын амьдрал нэг л төвшинд байсан. Өөрөөр хэлбэл бүх хүн л тэгш хувь хүртдэг, ахуй нөхцөл нь тийм л хэм хэмжээнд байлаа. Эмэгтэйчүүд ч мөн адил. Харин тухайн цаг үед эмэгтэйчүүдийг хөгжүүлэхэд зорилт дэвшүүлж, тэдний боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд тусгайлан авч   үзэж, бодлого боловсруулан үүнийхээ дагуу олон ажил хэрэгжүүлдэг байсан. Тиймээс ч монгол эмэгтэйчүүдийн оюуны потенциаль өндөр байж ирсэн одоо ч энэ уламжлал хадгалагджээ.

Өнөөгийн Монгол эмэгтэйн мэдлэг боловсролын төвшин дэлхийн бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулан үзэхэд огтхон ч доогуур орохгүй. Мэдлэг, чадвар, ажил, уран бүтээлээрээ улс орондоо төдийгүй дэлхийд танигдсан монгол эмэгтэйчүүдээр бид бахархах ёстой. Эртнээс монгол бүсгүйчүүд нийгэм, гэр бүлдээ онцгой байр суурь эзэлж, хариуцлагатай үүрэг хүлээж, оролцож ирсэн уламжлалтай ард түмэн. Зарим үндэстнүүд охид, эмэгтэйчүүдээ боолын боол, босгоны шороо мэт үзэж ирсэн. Харин ийм уламжлал монголчуудад байхгүй.

Бидний түүхийг сөхөхөд, Чингис хаанаа ярихад л Өүлэн ээж, Бөртэ, Есүй гээд монгол хатдын уран ухаан, арга залийг зэрэгцүүлж ярьж, судлахаас аргагүй болдог. Энэ бол үнэхээр монголчууд бидний гайхалтай түүх, сургаал төдийгүй монгол эхчүүд,  бүсгүйчүүдээ судлан таньж, нээж илрүүлэх арвин сан хөмрөг бий. Монголын түүхэнд монгол бүсгүйчүүд, эхчүүд, хатдын гүйцэтгэсэн үүрэг өндөр байр суурь эзэлдэг. Төрийн өндөрлөгт гарсан, төрийн түшээд болсон эмэгтэй хүн, эрчүүд шиг тийм олон тоогоор гарч байгаагүй ч гэсэн, үе үеийн Монгол төрд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байсан үүрэг их. Тийм ч учраас монгол эх, эмэгтэйчүүдийн улс орныхоо төлөө онцгой гавьяатай үйлсийг монголчууд марталгүй үеэс үед хадгалж ирсэн түүхтэй.

-Өнөөгийн Монгол улсад эмэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмж таны бодлоор ямар байна вэ?
-Орчин үеийн монголчуудын хувьд эмэгтэйчүүдээ үнэлэх үнэлэмж, тэднийгээ хайрлах халамжлах, эрхээ эдлэх боломжоор хангах асуудалд дэвшилттэй зүйл ч байгаа, ухарсан нь ч байна. Өнөөдөр эрхээ эдэлж чадахгүй доройтож ядуурсан нүд хальтрам бүсгүйчүүд бий болсон нь харамсалтай. Тухайлбал, траншейныхан, архинд донтсон гээд эрх зөрчигдсөн эмэгтэйчүүд байна. Үүний зэрэгцээ үнэхээр биширмээр, бахархмаар эмэгтэйчүүд ч бас олон бий. Харин энэ ялгаа газар тэнгэр шиг болжээ. Төр засгаас, олон нийтийн болон ТББ-аас зохион байгуулж эмэгтэйчүүдийн төлөө авч байгаа арга хэмжээний хүрээнд энэ ялгааг багасгах, тэр доод төвшний эмэгтэйчүүдийг дээшлүүлэх талаар их зүйл хийгээсэй гэж боддог. Хийх гэж оролддог. Төрийн болон ТББ-аас гадна эмэгтэйчүүд өөрсдөө ч хичээж тал талаасаа хамтарч ажиллах хэрэгтэй.

-Та энэ чиглэлээр ажилладаг, энэ тухайгаа сонирхуулна уу?
-Ажлын хажуугаар "Саран ээж" нийгэмлэгт би сонгуульт ажилтай. Бид Монголын түүхэнд гавьяатай эхчүүд, эмэгтэйчүүд, хатдыг сурталчилан таниулдаг. Мөн өнөөдөр бидэнтэй хамт амьдарч байгаа ажил хэрэгч, бизнесмэн бүсгүйчүүд болон хийж бүтээсэн ажил, уран бүтээл, эрдэм чадлаараа үлгэр дууриал болж яваа охид, эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр, бүтээлийг олон түмэнд таниулж байна. Олон хүүхэд өсгөн хүмүүжүүлж, улсдаа тустай иргэн болгосон ээжүүд, нийгмийн зүтгэлтэн бүсгүйчүүдийн ажил, амьдралыг нийтэд сурталчилж, мэдүүлж, үлгэр жишээ болгох нь манай нийгэмлэгийн үүрэг, зорилго. Үүнээс гадна "Эх үрс-Энэрэлт хөдөлгөөн" гэж ТББ-д  ажилладаг. Бид өрх толгойлсон эмэгтэйчүүд, ядуу гэр бүлийн гишүүдэд мэргэжил олгох, нийгмийн асуудлаа болон амьжиргаагаа дээшлүүлэхэд туслах зорилготой.

Тухайлбал, бид Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн байгууллага, дүүрэг, хороодтой хамтраад, судалгаа явуулж, аж ахуй хөтлөх, ногоо тарих, боловсруулахад дэмжиж тусалдаг. Энэ чиглэлээр мэргэжлийн сургалт явуулдаг. Энэ ажлыг би нэг их завтайдаа хийж байгаа хэрэг биш. Харин өнөөдөр эдгээр ажлыг хэзээ ч орхигдуулж болохгүй юм гэдэгтээ санал нэг учраас л энэ хоёр байгууллагад ажиллаж байна. Харин үүнд зөвхөн төр засаг болон хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй эмэгтэйчүүд бид өөрсдөө ухамсарлаж, амьдралаа авч явах ёстой. Эмэгтэй хүн ухаан богино, хүч чадал муутай гэдгийг би хүлээн зөвшөөрдөггүй. Эрэгтэйчүүдтэй яг ижил эрхтэй, үүрэгтэй, хүчтэй, чадалтай. Зарим талаар эрчүүдээс ухаанаар, хүч чадлаар дутуу байдаг байх.

Харин зарим эрчүүдээс энэ чанар нь илүү байдаг. Ялангуяа өвчин даах, зовлонг давж гарахдаа тэсвэр, тэвчээрийн хувьд эрчүүдээс хавьгүй илүү. Бүр зарим талаар эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ноён нуруутай. Яагаад гэвэл, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд эр хүнээс дутахгүй өрх гэрээ авч явна. Хүүхдээ улс орондоо тустай, хариуцлагатай, чадвартай үлгэр жишээ иргэн болгон хүмүүжүүлж, гэр орноо өөд татаад явж байгаа олон эмэгтэй бий. Харин биологи, бие организмын хувьд эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаа байх нь гарцаагүй. Үүнээс бусдаар илүү дутуугийн талаар ярих шаардлага ч, ёс ч байхгүй гэж боддог.

-Таныг жүжигчин, урлагийн мэргэжил сонгоход танай гэр бүлийнхэн их нөлөөлсөн байх даа?

-Хүн орчиндоо, орчин нь хүнд нөлөөлдөг. Тийм учраас миний төрж өссөн орчин бол соёл урлаг давамгайлсан орчинд би өсч төрсөн. Ээж маань дуучин, жүжигчин, аав болохоор сэтгүүлч, орчуулагч. Миний аав эдийн засагч боловч илүү урлагт сэтгэл зүрхтэй, сонирхолтой хүн байсан. Тиймээс ч манай гэр бүлийн агаар, орчин соёл, урлагт илүү байсан нь намайг урлагийн хүн болгосон гэж боддог. Ер нь хүн өөрөө илүү ойр байгаа, мэддэг, ойлгодог, сонирхдог зүйлдээ хүч үздэг.

-Урлагийн хүн болсноороо та их бахархдаг уу?
-Тиймээ. Гэхдээ хэцүү, бэрхшээлтэй зүйл байлгүй л яахав. Сэтгэлээр унах, шантрах ч үе гарна. Ямар ч ажлыг хийхэд дардан шулуун замаар хийнэ гэж үгүй, хоёр талтай л байдаг. Сэтгэл хангалуун, жаргалтай ч үе бий. Өөрийн амьдралын нугачааг л туулж явна. Аль нь давамгайлж вэ гэдэг чухал. Харин эргээд харахад, би алдсан гэж амаа барьдаггүй.

-Таны анхны дүр, бас хамгийн хайртай дүр гэж бий юу?
-Жүжигчин хүн өөрийн дүрээ ялгаж салгаад байх нь олон хүүхэдтэй эх би энэ хүүхэдтэй илүү хайртай гээд байдаггүй шиг төрүүлсэн дүрээ тэр нь муу, энэ нь сайн гэж хэлдэггүй. Жижигчин хүн дүр бүтээнэ гэхээсээ дүр төрүүлнэ гэдэг. Тиймээс ч үр хүүхэд төрөхтэй л адил уйлж, инээж, зовж, шаналж, баярлаж байж дүр төрдөг. Хамгийн болохгүй, бүтэхгүй байсан дүрдээ л илүү хайртай байдаг. Өнөө сахилгагүй, үгэнд ордоггүй хүүхдэд ээж нь илүү их санаа зовдог шиг жүжигчин хүн хамгийн болохгүй байсан дүрдээ илүү хайртай. Иш зайлуулдаа, би одоо, туршлагагүй, дөнгөж сургууль төгсөж ирээд анх "Монгол кино"-нд гол дүр аваад ажилласан "Эхлэл" киноны Хорлоогийн дүрээ их өрөвддөг.

Хөөрхий чадвар муу, мэдлэг дорой үедээ энэ кинонд тоглосон дүрийг магтаж байсан хүн байхгүй дээ. Их загнуулж, уран сайхны зөвлөлийнхөн маш доогуур үнэлгээтэй хүлээж авсан. Одоо энэ кино хааяа зурагтаар гардаг юм. Би энэ дүрдээ их хайртай байдаг, надаас болж л тэгж үнэлүүлсэн хэрэг шүү дээ. Гамлет жүжгийн Афелиягийн дүрдээ хайртай. Би нэлээд хэдэн жүжигт тоглож туршлагажсан үед энэ дүр надад оногдсон ч гэсэн Жамсранжавтай тоглохдоо бид хоёр ансанбль болох гэж өөрөөр хэлбэл Жаамаа тийм том биетэй хүн биш. Харин Афелия чинь Гамлетаас том биетэй, эрэмгий, биерхүү байж болохгүй шүү дээ.

Тэгэхээр би аль болохоор жижигхэн болж, Гамлетийн дүрийг өргөж өгөх, том, хүчирхэг харагдуулах, Афелия уян зөөлөн байж түүнийг өөртөө илүү татах гээд хүнд даалгавар байсан. "Сувдаа, бидний ажиллаж байсан үе, одоо үеэс их ялгаатай байж. Би одоо тэр үед ямар жүжигт тоглож байснаа санадаггүй юм. Одооны охид чинь өндөр нуруутай, бас дээр нь өндөр өсгийн туфль өмсөөд намайг чинь бүр жижигрүүлээд байна. Тэгэхэд чи минь яадаг байлаа" гэж Жаамаа гомдолж ярьж билээ. Тэгэхэд би нимэгхээн ултай гутал хийлгэж тоглосон. Харин Жаамаа өсгийтэй гутал өмсөөд, том хувцастай тоглохоор бид хоёрын биеийн харьцаа огт өөр болдог байсан.

-Үүнийг үзэгчдийн сэтгэлд хүртэл дүрийг амьдруулна гэдэг байх аа?
-Жүжиг, дүр бүр дээр л янз бүрийн бэрхшээл гардаг. Жишээ нь"Сувдан сондор" гэдэг жүжиг дээр Мэри гэж америк хүүхний дүрд би тоглосон. Вьетнамд байгаа бөмбөгдөлтөөс болоод тал нүүр нь гэмтсэн эмэгтэйн дүр. Америк хүн, Вьетнамд болж байгаа үйл явдлын дүрд монгол хүн тоглох нь надаас маш хол байсан. Үзэгчид харин гайгүй хүлээж авсан. Энэ мэт хэцүү жүжгүүд надад их зүйл өгсөн болохоор мартах аргагүй байдаг. Мэдээж, Мандухайн дүр надаас үнэхээр их хол байсан. Баатарлаг эмэгтэйн түүхт дүрийг үзэгчдэд хүлээж автал нь өөрийн болгож ажиллана гэдэг бол биеийн болон оюун ухааны маш их хөдөлмөр шаардсан. Эртний байтугай түүхийн жүжигт би ховор тоглосон байсан. Орост сургууль төгссөн, хотод төрж өссөн, европ сэтгэхүйтэй, түүхээ бас тийм сайн мэдэхгүй, ёс заншил гээд ер нь юм юм  дутуу надад төр улсын нэртэй удирдагч, цэргийн жанжин, хатан эмэгтэйн дүрийг гаргана гэдэг Сувдаад бүтэшгүй зүйл байсан. Үүнийг өөрийн болгоно гэдэг тун хүнд даалгавар шүү. Өөрт байхгүй, өөрөөс хол хөндий шинж чанаруудыг бий болгоход л жүжигчин хүний хөдөлмөр ямар хүнд гэдгийг мэдэрдэг.

-Өнөөгийн манай залуу жүжигчдийн ур чадварын талаар бодлыг  тань сонсъё?

-Өнөөдөр урлаг, соёлын талбар, хүрээ нь том болжээ. Хуучин бол мэргэжлийн хэдхэн театр байлаа. Тэгвэл одоо янз бүрийн хамтлаг, студи, театр гээд хувийн, төрийн байгууллага, компанийн олон уран бүтээлчдийн хамтлагтай болжээ. Тийм учраас маш олон төрлийн уран бүтээл хийж байгаа гэдгээрээ үзэгчдэд өргөн сонголттой болсон. Манай залуу жүжигчдээс маш чадварлаг, сайн дүр бүтээсэн залуу жүжигчид олон. Дөнгөж сая гарсан "Парисын дарь эх сүм" жүжгийг үзэгчид маш сайхан хүлээж авсан. Эрхэмбаяр гэж шинэхэн жүжигчний тоглосон Квазимодогийн дүр муу дүр болсон гэж би үзэхгүй. Мөн Болд-Эрдэнийн бүтээсэн Квазимодогийн дүр ч сайн болсон. Хоёр өөр жүжигчин тоглосон энэ дүрд тэд өөр өөрийн Квазимодог гаргаж чадсан.

Манай үндсэн жүжигчин ч болоогүй Отгонцэцэг, МУГЖ Уранчимэг нар Эсмеральдагийн дүрд тоглосон. Бас л тэд өөрийн бие, сэтгэлээс урган гарч ирсэн хоёр өөр Эсмеральдагийн дүр бүтээж чадсан.  Жаргалсайхан, Урнаа, Сарантуяа гээд олон залуус байна. Ялангуяа манай театрт байгаа залуу жүжигчид дүрийг төрүүлнэ шүү. Би залуучууддаа бат итгэдэг. Баатар гэж чадалтай найруулагч шинээр төрж гарлаа. Улам олон чадварлаг жүжигчид төрөөсэй гэж хүсч байна. Дүр бүтээхэд, зүгээр өөрийн байгаа материалаар тоглох нь харьцангуй арай хялбар. Тийм хялбар замыг битгий сонгоорой. Үзэгчид нэг, хоёр, гурав үзнэ тэгээд цаашаа за за тэр л байна гээд үзэхээ болино. Тэгэхээр тайзан дээр гарч байгаа тоглолт болгон үзэгчдийн өмнө өгч байгаа шалгалт байдаг. Тэр шалгалтад дандаа сайн үнэлгээ үзүүлдэг байхын төлөө маш их уншиж, судалж, хүч хөдөлмөр гаргаж ажилладаг.

-УДЭТ-ын тайзнаа ойрын үед ямар шинэ бүтээлийг үзэгч олонд толилуулах бол?
-Бид одоо "Шар тэнгисийн тарчлаан" гэдэг жүжгээ үзэгчдэд толилуулна. Энэ жүжигт Монголын төдийгүй дэлхийн хүн бүхний сэтгэлийг өвтгөсөн хамгийн хурц асуудал, -Байгаль дэлхийн дулаарал, цөлжилт" хэмээх аймшигт гамшгийн асуудлыг уран сайхны аргаар сөхөж тавьж байгаа юм. Таны оршин байгаа дүүрэг, хороо, хороололд байгаль орчны энэ гамшгийг мэдэрдэггүй, ойлгодоггүй хүмүүсийг үзээсэй гэж бодож байна. Тэр хүмүүс үзэхгүй ч байж мэднэ. Энэ жүжгийг үзсэн хүн модоо огтолж, гол усаа бохирдуулж чадахгүй болно гэж итгэдэг.

Өнөөдөр "мөнгө цагаан, нүд улаан" болсон энэ цаг үед хүн бодлогогүй орчноо сүйтгэх нь их болжээ. Хэчнээн сайхан барилга барьж байгаа ч нөгөө сайхан нялх модыг огтлоод л тулгуур хийж байна. Тэд л энэ жүжгийг үзээсэй. Цоргоноос усаа гоожуулж орхидог, үүнд огт санаа зовдоггүй нь бидний амьдралын хэв маяг болчихжээ. Харин энэ жүжгийг үзсэн хүмүүс бүр засрахгүй юмаа гэхэд "тоосоо гөвүүлсэн хүүхэд нэг хэсэгтээ томоотой байдаг" гэж хошигнодог шиг дор хаяж ганц сар усны цоргоо бүрэн хааж байх болов уу гэж бодож байна. Эрхэм чухал энэ үүргийг хүмүүст ямар нэг номлол айлдалгүй уг жүжиг уран сайхны аргаар, өөрийн хэлээрээ гүнзгий ойлгуулж, гүйцэтгэж чадна. Тиймээс ч БОАЖЯ, энэ үйл хэргийн төлөө ажиллаж байгаа төрийн болон ТББ, хөдөлгөөн, байгууллагууд олон түмнийг энэ жүжиг рүү хандуулж, үзүүлэх ажил зохион байгуулахыг уриалж байна.

"Парисын дарь эх сүм" жүжгийг орчин үеийн хэлээр тавьсан нь үзэгчид өндөр үнэлж хүлээж авсан. Манай театрын уран бүтээлийн хувьд 2010 он маш сонин содон болно. Ерөнхий найруулагчаар Найдандорж ирж ажиллаж байгаа. Шинэ оны эхний улиралд нэг үзэгдэлт жүжгүүдийг манай найруулагчид бүгд зэрэг тавьж эхэлнэ. Тэгээд хоёрдугаар сарын дундуур гэхэд уг жүжгүүд үзэгчдийн хүртээл болно. Эндээс манай найруулагчдын чадварыг харах боломжтой. 2011 он Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойн жил.   Үүнд бэлтгэнэ. Мөн манай театр байгуулагдсаны 80 жилийн ой болно. 80 жил гэдэг хүний нас, амьдралын хэмжээнд нэлээд том тоо. Тэгэхээр энэ ойг угтаж 2010 онд нэлээд олон ажил хийнэ.

-Та Монголын алтан үеийн жүжигчидтэй хамт уран бүтээл хийж байсан. Тэдний тухай болон Ардын жүжигчин Гомбосүрэн гуайн талаар дурсвал ямар вэ?

-Манай ахмадууд гайхалтай хөдөлмөрч хүмүүс. Гомбосүрэн гуай бол хамгийн үлгэр жишээч хөдөлмөрч хүн байсан. Энэ хүн 85 настай байхдаа 18-т шиг л мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлэх гэж хөдөлмөрлөж, гүйж, харайж явдаг жүжигчин байж. Тийм их эрмэлзэлтэй, хүсэл мөрөөдөлтэй байж жүжигчин хүн шинийг хийж, бүтээдэг гэдгийг ахмадуудаас суралцсан. Тэд нар үнэхээр хүнлэг сайхан сэтгэлтэй. Өөрийнхөө хойч үеийг шигшиж, сонгож, түүнийгээ боловсруулж хөл дээр нь босгодог. Намайг юу ч мэдэхгүй 30 гаруйхан настай залуу байхад намд элсүүлсэн. Тэгээд Намын үүрийн нарийн бичгийн даргыг чи хий гээд шууд томилсон. Уран сайхны удирдаачаар чи ажилла гээд тэр олон алдартай жүжигчидтэй том театрын хариуцлагатай үүрэг оноосон.

Харин тэд маш зарчимтай. Энэ бидний хүүхэд шиг хүүхэд, миний хормойд зүүгдэж, нусыг нь арилгаж, шээсийг нь хуурайлж байсан гэж хэзээ ч хандаж байсангүй. Тэд ачаа үүрүүлээд, үүрүүлүүлсэн шиг үүрүүлдэг, тусалдаг, зөвлөдөг. Харин намайг хүүхэд гэж үзэлгүй хэзээ ч чи гэж харьцдаггүй. Би тэдний хэн нэгнийг нь гудамжинд явж байвал зугатаад л гудамжны нөгөө талд гарчихдаг байлаа. Яагаад гэхээр Гүрдорж гуай, Цэрэндулам гуай, Цэгмид гуай гээд манай тэр томчууд чинь надтай та гэж ярина шүү дээ. Би чинь залуу хүн ичээд нүүр хийх газаргүй болох учраас тэгж холуур тойрно. За тэгээд цалин буусан үед цалин авах гээд орвол тэд намайг ав гээд хүндлэнэ. Би цалин буусан өдөр цалингаа авахгүй холуур л гүйж явна. Хаана намайг та гэж шараа болгох бол гэж их ичнэ. Тэд ерөөсөө л удирдах, удирдуулах ёс гэдгийг хатуу баримталдаг хүмүүс байж.

-Та ач, зээтэй болсон уу, хүүхдүүд тань хаана юу хийж байгаа вэ?
-Би хоёр хүүтэй. Одоо чинь бүр таван ачтай. Удахгүй эмээгийн эмээ болоход бэлэн болсон. Том хүү хуульч, гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаад ирсэн. Одоо хүү, бэр, ач нар бид хамтдаа байна. Бага хүү бас Америкт суралцаж хөгжим, урлагийн мэргэжилтэй болоод ирлээ. Үр ач нараа хүнлэг сайхан сэтгэлтэй, улс орондоо тустай иргэд болно гэдэгт итгэлтэй байдаг.

-Танд ярилцлагынхаа төгсгөлд үг хэлэх боломж олгож байна?

-МОНЦАМЭ агентлагийг би сайн мэднэ. Улс орноо дэлхий дахинд болон дотооддоо таниулан сурталчилж байдаг манай ууган хэвлэл мэдээллийн байгууллага. Энд ажиллаж байсан, ажиллаж байгаа олон сэтгүүлчдийг мэдэх юм. Танай агентлагийн дарга Т.Баасансүрэн, манай аавтай хамт ажиллаж байсан. Та бүхэнд ажлын амжилт хүсье?

No comments:

Post a Comment