Labels

Sunday, December 13, 2009

Ш.Гүрбазар: Миний насан дээр биеэ тооно гэж юу байх вэ

Ш.Гүрбазар: Миний насан дээр биеэ тооно гэж юу байх вэ
"Монголоороо гоёдог", "Монголтойгоо адилхан", "Өглөө шиг эх орон" дуунуудын эзэн урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазартай ярилцлаа.

-Таны уран бүтээлд эх орны сэдэв зонхилж байх шиг?

-Сүүлийн хоёр жил эх орны сэдэвтэй олон дуу, шүлэг бүтээж байна. Үүнийг зарим хүн буруугаар ойлгодог юм шиг байна лээ. Би ямар нэгэн нам, төрийн үзэл суртлаар ч юм уу, төрийн шагнал авна гэж эх орны дуу хийгээгүй. Миний хувьд эх орон гэдэг маш эмзэг зүйл. Түүнийг хүмүүст мартуулахгүй, мэдрүүлэхийн тулд уран бүтээлээ хийдэг.

-Бичихээс эмээдэг сэдэв байдаг уу?

-Би нэг зүйлийг дотроо арай үгүй байлгүй дээ гэж боддог. Сүүлийн үед зарим хүнийг эх орондоо хайргүй юм уу даа гэж харах боллоо. Гэхдээ үүний тухай бичих гэхээр зориг хүрдэггүй. "Худлаа байх аа" гэж дотроо эргэлзээд чаддаггүй юм. Ээжий-дээ хайргүй хүний тухай бичиж болохгүй биз дээ. Энэ орчлонд тийм хүн байх ч үгүй. Тэрэн шиг монголоо гэх сэтгэлгүй, монголынхоо хөрс шороог онгичсон, би л болбол боллоо гэсэн бодолтой хүн арай байхгүй байлгүй дээ. Би өөрөө буруу хардаг биз гэж бодоод бичиж чаддаггүй юм.

-Та монголтойгоо их адилхан хүн үү?
-Би уран бүтээлүүдтэйгээ их адилхан. Ерөөсөө миний үзэл бодол миний бүтээлээр л ард түмэнд хүрдэг. "Би монголтойгоо адилхан" дууны дараа зарим хүн чамтай адилхан монгол гэж юу байдаг юм гэж их шүүмжилдэг байсан. /Инээв/

-Шүүмжлэлийн хажуугаар магтаал их ирнэ биз?
-Миний шүлэгнээс намайг мэдрээсэй гэж би хүсдэггүй. Үнэнийг, сайхныг, гэрэл гэгээ, ухаарлыг аваасай гэж боддог. Харин би одоог хүртэл урлагийн сайхныг ард түмнээсээ мэдэрдэгтээ баярлаж явдаг. Гэхдээ энэ магтаал биш шүү дээ. Миний бүтээсэн зүйл хүний зүрх сэтгэлд хүрээд хүмүүс надад буцаагаад бэлэглэнэ гэдэг гоё шүү дээ. Мэдээж энэ уран бүтээлч хүн бүхний мөрөөдөл байх.

-Өөрийнхөө авьяас чад-варт бардаж онгирох үе байдаг уу?
-Уран бүтээлч хүн онгирох утгагүй л дээ. Гэхдээ би ямар ч байсан өөрийгөө голохгүй. Биеэ тоож байгаа ч юм биш. Миний насан дээр биеэ тооно гэж юу байхав. Би өөрийгөө юм хийсэн гэж боддог. Надаас хойш "Ш.Гүрбазарын уран бүтээл шүү" гэж дурсах уран бүтээл ямар ч байсан үлдсэн. Тэглээ гээд би мундаг болчихлоо, одоо боллоо гэж боддоггүй. Хэдий нас минь явж байгаа ч нийгэмтэйгээ хөгжөөд явахыг хичээдэг. Гүрбазар гэдэг хүн 16 наснаасаа ямар нэгэн хэмжээгээр хүмүүсийн анхааралд байсан. Урлагийн үзлэгийн хоёр гурван медальтай, дандаа тэмцээн уралдаанд оролцдог од байлаа шүү дээ. 55 хүрлээ гэхэд хүмүүс одоо намайг таньж байна. Тэгэхээр энэ хүртэл өөрийгөө авч явсан маань өөртэйгөө сайн ярьсных юм болов уу гэж ойлгодог. "За одоо чи ингэ, тэг" гээд л дотроо байнга өөрийгөө хүмүүжүүлдэг шүү.

-Одоогоор өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна даа?
-Миний."Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ" гэсэн жүжгийн дууг "Чоно" хамтлагийн Д.Дэрмээ дуулсан байдаг. Би энэ дууг бүтээхийн тулд төгсөлтийн тухай бүх дууг сонссон. Надад үүнийг хийх нүх байна уу үгүй юу гэж хайсан хэрэг. Дахиад түүний тухай дуу зохиохын аргагүй тийм уран бүтээл байдаг шүү дээ. Тэрэнтэй адилхан ямар ч уран бүтээл хийхдээ миний орон зай байна уу гэж хардаг. Би тоглолт хөтөлж байна, нэвтрүүлэг хийж байна. Өөрийнхөө хүүхэд шиг хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Би энэ хүүхдээс яаж дутахгүй байх вэ гэж бодож зүтгэдэг. Энэ миний өөрийгөө хөгжүүлэх арга. Гэхдээ би хэдэн жилийн өмнө яавал илүү байхав гэж хардаг байсан бол одоо яавал хүнээс хоцрохгүй байх вэ гэж боддог болсноо анзаарсан.

-Гэхдээ та одоог хүртэл хүчтэй өрсөлдөгч хэвээрээ биш үү?
-Ямар ч байсан би атаархуу амбиц хөөсөн хүн биш. Урлагийн ертөнцөд сонин сайхан зүйл дандаа төрж байгаасай гэж боддог. Би сайн өрсөлдөгч ч биш. Гэхдээ уран бүтээлд хичээл, зүтгэл хэрэгтэй. Шүлэг унших бол миний хобби. Г.Равдан, Д.Сосорбарам хоёрыг яаж уншиж байна гэдгийг харна. /инээв/ Мөн одоо монголд 10 гаруй телевизээр ярилцлага гардаг болсон. Энэ их өрсөлдөөн дунд "Та хариулахгүй ч байж болно" нэвтрүүлгээ сайн байлгахыг хичээж явна.

-Та үзэгч, сонсогчдоосоо юу хүлээдэг вэ?
-Яг үнэндээ ямар нэгэн бүтээлийн дараа үнэлэлт хүлээдэг шүү. Нэвтрүүлэг хийчхээд миний нэвтрүүлэг хүнд яаж хүрсэн бол, Гүрээгийн дууг хүн сонсож байна уу гэж чих тавьдаг. Тэрнээс биш хүний нүдэнд ямар харагдаж байгаа бол, миний өмссөн хувцас, үсний засалт хүнд таалагдаж байгаа болов уу гэж хэзээ ч боддоггүй.

-Ш.Гүрбазарын ертөнцөд аз жаргал хаанаас мэдрэгддэг бол оо?
-Аз жаргал гэдэг харьцангуй ойлголт. Хар тамхи татдаг хүн хар тамхиа татаад аз жаргалтай байж болно. Хүний хүсэл хязгааргүй шүү дээ. Тэрнийг аз жаргал гэнэ гэж хэлэх хэцүү. Харин миний хувьд өөртөө "за би болж байна даа" гэж бодсон тэр агшин аз жаргал юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн "ингэвэл гоё юм аа" гэж бодоход тэр нь биелээд тухайн хүний дотоод сэтгэл баярлана гэдэг сайхан. Мөн хүн өрөөл бусдад хамаатай амьдрах шиг сайхан юм байхгүй. Хамаатай гэхээр од болоод хүн чамайг хараад алга таших гэдэг зүйл биш шүү дээ. Ханьдаа, үрдээ, найздаа хамааралтай байх хэрэгтэй. Чи өөр хүний амьдралынх нь утга учир болсон байвал гоё байхгүй юу. Чамайг хүн өгүүлдэг, санадаг, хайрладаг байвал мэдээж чамд сайхан санагдана шүү дээ. Зээ минь намайг "Өвөө" гэж дуудахаас эхлээд би аз жаргалыг мэдэрдэг.

-Хэр сайн өвөө вэ?
-Дажгүй шүү. Анх өвөө болчихоод сайн дураараа их л нойргүй хонож байлаа. Уйлахад нь унтуулж чадахгүй ч гэсэн "Аан, уун " гээд л хажууд нь босоод суучихсан байдаг. Хүний амьдрал сайхан шүү.

-Ер нь та сэтгэлийн хөдөлгөөн ихтэй дээ?

-Дэндүү их хөдөлгөөнтэй. Бас уяхан талдаа. Байгалийн онцлог юм даа.

-Амьдралаасаа авсан хамгийн том сургамж гэвэл юу вэ?

-Хүнд "за" гэж хэлэхдээ бодож байх хэрэгтэй юм байна лээ. Би хүнд "үгүй" гэж хэлж чаддаггүй байхгүй юу. Тэрнээс болоод зарим зүйл дээр алддаг. Нэр хүнд унана. Надад итгэх итгэл буурна. Тиймээс "за" гэдэг үг амны зоргоор хэлээд байх үг биш гэдгийг ойлгосон. Мөн залуустаа хэлэхэд хүн залуу насандаа өөрийн гэсэн байр суурьтай болох нь чухал. 30-35 хүртэлх насандаа өөрийнхөө амьдрал, "би хэн бэ" гэдгээ тогтоож амжих хэрэгтэй. Тэгэхгүй бол амьдралд хөл алдана шүү. Залуу насанд салж, сарниж ,муу сайн хэлэгдэж болно. Гэхдээ өөрийгөө тогтоож авах хэрэгтэй. Амьдралын алдаа оноо бүх зүйл чамаас л эхэлдэг учраас.

-Та хэр баян бэ?

-Зүгээр ээ. Яахав энэ нийгэмд сайхан л амьдарч байна. Учиргүй банкинд өч төчнөөн сая төгрөгтэй хүн биш, дунджийг бариад л явж байна. Харин уран бүтээлээрээ жигтэйхэн баян. Энэ олон жүжиг, шүлэг, нэвтрүүлгүүд миний баялаг. Би амьдралаас авъя гэснээ л авч яваа хүн шүү дээ. Надад энэ хангалттай. Би өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй дээ баярладаг. Түүнийхээ нэр хүндээр өдий зэрэгтэй явж байна. Энэ бол буян. Бурхан гэдэг чинь бас аливаа зүйлийг тэнцүүлнэ шүү дээ. Зарим хүн хоёр жил мөнгө олоод газрын хөрснөөс арчигдаж байхад би уран бүтээлийнхээ хүчээр одоог хүртэл од явна.

-Уран бүтээлээрээ хэр мөнгө олж байна?

-Надад нэг сайн ч юм уу, муу ч гэх юм уу тал байдаг нь өөрийгөө тэд эд гэж үнэлж чаддаггүй явдал. Хүн юм хийгээд өг гэхээр хийгээд л өгнө. Тэгээд захиалсан хүмүүс буянаараа л болдог. Зарим нь баярлалаа гээд талархлаа илэрхийлээд мөнгө өгдөг зарим нь таг болчихдог.

-Шүлгээ тоолж үзсэн үү?

-Үгүй ээ. Тоолъё ч гэж боддоггүй. Яахав хэдэн цаасан хайрцаг, чемодантай шүлгүүд маань нэлээд зай эзэлнэ шүү. Ер нь нэг их олон шүлэг бичээгүй шүү дээ. Гуниглаж, догдлох үедээ л үзэг цаас нийлүүлнэ.

-"Тэнгэрлэг оршихуй" нэвтрүүлгийг хүмүүс хүлээдэг байх?

-Цаашаа хийж болно оо. Гэхдээ зардал мөнгөний асуудал хүнд байдаг. Олон жил уулзаагүй хүмүүсийн эрж хайж уулзуулна гэдэг тийм амар ажил биш шүү дээ.

-Нэвтрүүлгээрээ сонин содон хүмүүстэй уулзаж байсан биз?

-1993 онд Энэтхэгийн "Дарамсала"-д очиж, IX Богдыг залахаар явж байлаа. Далай ламын нэвтрүүлгийг би хийж байсан. Далай ламтай тусгайлан уулзсан. Зуу гаруй жилийн ялтай хоригдолтой ч нүүр тулж байв. Тэгэхэд надад хулгай яаж хийдэг вэ гэдгийг ярьж өгч байсан. Дөчин жил уулзаагүй ээж хүү хоёрыг уулзуулсан гээд зүсэн зүйлийн хүмүүстэй таарч уулзсан шүү. Өөрөөр хэлбэл; Хамбын овооны гуйлагчингаас далай лам хүртэл уулзаагүй хүн байхгүй. Миний "Тэнгэрлэг оршихуй" нэвтрүүлэг гурван жил тасралтгүй үргэлжлэхэд надад 700 гаруй захидал ирж байсан. Энэ мэт хүмүүсийн хувь заяатай орооцолдсон учраас би их зүйл мэддэг байхгүй юу.

-Та монголын урлагийн чиг хандлагыг юу гэж тодорхойлох вэ?

-Өндөр түвшинд биш байна. Миний хувьд чамлалттай байдаг. Төрийн бодлого, дэмжлэг байхгүй байна. Ерөнхийдөө сонирхлын хүрээнд явж байна.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллав?.

-Уран бүтээл өөдрөг л байна. Хамгийн их өөртөө баярлаж яваа зүйл гэвэл Францын алдарт зохиолч Хюгогийн "Парисын Дарь-Эхийн сүм" дуулалт жүжгийн арав гаруй дууг бичлээ. Дэлхийн сонгодог зохиолын дууны үгийг бүтээнэ гэдэг асар их хариуцлага байлаа. Гэхдээ монгол хүн хийж л таарах байх. Тэрийгээ би энэ жилийн хамгийн сайн уран бүтээл болсон гэж бодож байна. Мөн "В" продакшны дуучин Д.Болдод морин хуурын тухай дуу хийж өглөө. Монгол хүн хуураа дуулж байх хэрэгтэй. Тэгээд энэ жил арваад дуу хоёр жүжиг бүтээсэн байна.
 

No comments:

Post a Comment