Labels

Sunday, December 13, 2009

Ё.Бадарч: Дарьганга хийц дахин давтагдашгүй урлалын бүтээл юм

Ё.Бадарч: Дарьганга хийц дахин давтагдашгүй урлалын бүтээл юм
Алтан-Овооны уран зургийг хоймортоо байрлуулсан албан байгууллага, айл өрх Сүхбаатар аймагт цөөнгүй байдаг. Аливаа баяр ёслолын бэлэг дурсгалын дээдэд Алтан-Овооны зураг, алд цэнхэр хадгийн хамтаар залрах нь олонтаа. Хүн бүхний сэтгэлд нийцсэн тэр зургийг урлан бүтээгч нь  зураач Ёндонгийн Бадарч  гэдгийг ч манай аймгийнхан андахгүй. Тэрбээр харин сүүлийн үед хөшөө дурсгал босгох ажилд оюун ухаанаа зориулж явна.  Баруун-Урт суманд гэхэд л  Алунгуа эхийн болон морин хуурын хөшөөт цогцолбор, “Хамгийн дундаас онцгой” дууны суварга барьж босгожээ.

Зураач Ё.Бадарч  хуучин Хонгор сумын төвд “Үхэр уяа” хэмээх намхаан толгойн арын  дэрст хондонд төрсөн гэдэг. Төрж өссөн Онгон таван булаг, Өргөө таван толгойг  ямагт сэтгэл зүрхэндээ тээж явдаг нэгэн.  Угийн зураг зурах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн дөчөөд жилийн тэртээд аймгийн Урчуудын салбарт дагалдан зураачаар орж бийр будагтай хутгалдаж зургийн ертөнцөд хөл тавьснаас хойш  тэр л замаасаа хазайсангүй. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь эх нутаг, үзэмж тансаг байгаль, Дарьганга ардын ёс заншил, ахуй амьдрал ажээ.  Тэгээд ч  үзэмж төгс  уул усыг  уран зурагтаа амилуулан буулгаж “Дарьганга-1”,”Дарьганга-2”, “Дарьганга-3” гэсэн бүтээлийн цуврал үзэсгэлэнгээ орон нутагтаа болон нийслэл хотод гаргасан байна.

Сүүлийн үед Дарьгангын яруу найрагч Д.Гомбожав, Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Д.Нямсүрэн нарын  болон нутгийнхаа алдарт бөхчүүдийн хөрөг, хурдан морьдын зургаар урын сангаа баяжуулжээ.
Зураач Ё.Бадарч Дарьгангын мөнгөн урлал, нэрт уран дархчуудын талаар сүүлийн хорь гаруй жил судалгаа хийж  “Дарьганга хийц” гэсэн нэгэн  ховор сонин номыг хэвлэлд бэлтгээд хэдэн жил болж байна. Тиймээс ч энэ удаад Дарьгангын мөнгөн урлал болоод Дарьганга хийцийн талаар тухалж ярилцсан юм.

-Дарьганга нутгийн мөнгөн урлалын үүсэл хөгжил хэдий үеэс эхтэй вэ?   

-Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь  мөнгөн урлал юм. Ман-жийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бий болсон байдаг.

Дарьгангад мөнгөн урлал чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьгангын дархчууд, Дарьганга хийцийг манай эрдэмтэн судлаачид багагүй судалж өөрсдийн бүтээлдээ арга барил, мөн чанар, онцлогийг нь тусгасан байдаг. Тухайлбал, эрдэмтэн Ш.Баатар “Хархорум хотын Түмэн-Амгалант ордны тухай” өгүүлэлдээ  “Китан нарын ур хийцийг  Их Монгол Улсын дархчууд өвлөн авч одоог хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол  Монгол Улсын зүүн хязгаар дахь  Дарьганга хийц юм. Дундад Азиас улбаатай соёл бидний өнөөг хүртэл  амь бөхтэй оршсоор байна” гэж тэмдэглэсэн байдаг. Эргэцүүлж бодоход Китан гүрний үеийн түүхийн дурсгалт барилгын хананы болоод  гоёл чимэглэлийн зүйл дэх билэгдлийн чанар нь үнэхээр Дарьганга хийцэд уламжлагдан шингэсэн байдаг юм.

Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл зуун дал орчим жилийн хугацаанд  хорь гаруй алдартай дархан амьдарч байжээ. Тухайлбал, Сүрэнхор, "хөл" Галай, "жараахай" Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн нар байна. Эдгээр авьяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан баяжуулсан  бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар  мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон юм.

“Матаад давтаад хийнэ л биз
Мангийн Зунзуй нь байхгүй биш
Матар арслан сийлнэ л биз
Дахиад давтаад хийнэ л биз ээ
Дондов дархан нь байхгүй биш
Тахиа нохой сийлнэ л биз ээ” гэсэн яриа ч нутгийн ард олны дунд түгсэн байдаг.
Дарьгангын нэрт дархчуудын уран ухаан, нарийн ур хийцийг төр засаг өндрөөр үнэлж,  Дамбын Молом, түүний дүү Д.Дүйнхэр, М.Балдан-Осор, М.Зундуй, Содов нарыг урин залж  төрийн захиалгаар алт, мөнгөн эдлэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйл хийлгэж байсан түүхтэй.

-Дарьганга хийцийн бусдаас ялгагдах давтагдашгүй онцлог нь юу вэ?

-Дарьгангын дархчууд мөнгөөр эмээл, хазаар, хударга, хэт хутга, аяганаас гадна сам даруулга,бөгж, бугуйвч, чүдэнз, савангийн гэр, тамхины хайрцгийг маш уран хийцтэйгээр шүр тана, сувд  шигтгэн урладаг байжээ.

Дарьганга дархчуудын олон үе дамжин баяжуулсан нарийн ур хийц, туурвин бүтээх уламжлалт арга барил бусдаас содон өөр байдаг. Тэдний урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ,  хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж сийлбэрлэн гаргасныг  тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг  чимэглэж буй хээ угалзны зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор чадамжаар Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгардаг.
Мөнгөн урлалд  ардын домог, үлгэрийн сэдэвт амьтад, ургамлын дүрст хээ угалзыг чөлөөтэйгөөр зураглан хэдэн давхар хөөж сийлбэрлэдэг нь Дарьганга хийцийн амин сүнс юм. Дан болоод хос луу, дөрвөн хүчтэн, арван хоёр жил, матар зөгий , шоргоолж, загас, морь, буга зэрэг амьтнаас гадна үүлэн болоод усан, өвдөг, бадам, навч цэцгэн хээ, эвэр хам ар угалзыг нийтлэг урлахаас гадна тухайн захиалагчийн хүсэлтээр морины тамга, ураг төрлийн таних тэмдгийг ч хийдэг байжээ.

-Дарьгангын мөнгөн урлалд эхнэр хүний толгойн гоёл чимэглэл онцгой байр эзэлнэ биз ээ?

-Дарьганга эхнэрийн гоёл чимэглэл зүүлтэнд нийтдээ зуу орчим  том жижиг шүрэн шигтгээ оруулан  цэвэр мөнгөөр дан, давхар нарийн утсаар хослуулж  зарим тодотгох хэлбэр дүрсээ алтаар шарж урладаг онцгой нарийн ур хийц шаарддаг цогц урлал юм.  Эхнэрийн бүрэн гоёл чимэглэлд малгайн товч, сар, шүрэн шилтгээ бүхий хадлага, алт мөнгөн очиртой хантрага, сувдан санжлага, сүйх, хавчаар, хос бугуйвчнаас аваад халбага,  чихний ухуур, хумс цэвэрлэгч, шивүүр, зүү утасны хайрцаг хүртэл  хорь гаруй нэр төрлийн зүүлтийг дан мөнгөөр урладаг байжээ.  Айлын бэр  болон  хадамд гарсан бүсгүй хүн  үсээ хагалан  хантрага зангидаж татуур тавьж, хавчаар зүүж энгэр задгай ууж өмсдөг байна. Дарьгангын дархчууд үсний самыг шүр, сувд, оюу шигтгэн дан ба давхар хийцтэйгээр мөнгөөр урладаг байв.  Дарьгангын нэрт дархан Д.Моломын урласан хоёр хацартай алтан шармал луу  хөдөлгөн шүр суулган  давхар ухамтай мөнгөн самыг Баяндэлгэр сумын иргэн Өлзийсайхан гуай хэрэглэж байлаа.

-Дарьгангын дарчуудын ухааны ур, нүдний ур, гарын ураар бүтээсэн мөнгөн аяга, эмээл, хазаар гээд хосгүй бүтээл олон байдаг даа?

-Дарьганга хийцийн мөнгөн эмээл Ноён, Сэврэй, Далай Чойнхор, Боржигон, Төв халхын хийцээс эрс ялгаатай байдаг. Мөнгөн эмээлийн гол чимэглэл болсон 8-12 цагааныг уран гоё тоонолжин цэцэг болон навчин хээгээр товойлгон урладаг.  Морины хазаар, хударгыг нэн эртнээс мөнгөөр маш гоёмсгоор урлаж ирсэн юм. Нэрт дархан "хөл" Галайн урласан арван хоёр нүдний өлзий хээ бүхий товруут, мөн Сүрэнхор дархны бөгжтэй мөнгөн хазаар худрагыг нутаг усныхан нь үе дамжуулан хадгалсаар байна.

Дарьгангын дархчууд мөнгөн аяганд ур ухаанаа уралдуулан гайхуулдаг байжээ. Тэд үндэс завьяа, гангар шаазанг  бага, дунд, их гарын гэсэн гурван хэмжээгээр мөнгөлдөг байсан.  8-12 нүдний өлзий хээ угалз, арван хоёр жил, найман тахилыг сийлбэрлэн  шүр сувд, үнэт чулуу товойлгон урлаж, ёроолд нь хос болон дан луу, арслан, буга, хан гарьдыг  үүлэн болоод өвсөн хээ угалзанд хөдөлгөөнт байдлаар, мөн аяганы дотор талд нь түмэн наст хээгээр давхар хээлж, пааландаж, алтаар шармалдаж урладгаараа онцлог юм.

-Дарьганга хийцийн уламжлал шинэчлэл өнөө үед ямар байна бэ?  

-Дарьганга хийц өнөө үед бүдгэрч зөвхөн түүх, өв болон үлдэж байгаад судлаачийн хувьд сэтгэл жаахан эмзэглэдэг.  Дарьгангын мөнгөн урлалын нэг томоохон дэг сургууль нь мөнгөн урлалын хар зураг, цаасан цоолбор юм. Дархчууд эхлээд бүтээлийнхээ хар зургийг гаргаж мөнгөн дээрээ буулган хөөж урладаг онцгой арга барилтай. Дарьганга  хийцийн давхар цохилттой мөнгөн эмээлийн хэрэглэл, ухалттай хэт, бэл хийдэг дархчууд одоо ховорджээ. Дээр үеийн нэрт дархчуудын өв уламжлалыг үргэлжлүүлэн орчин үетэйгээ зохицуулан мөнгөн урлал хийж буй залуучууд сүүлийн үед олширч байна. Эдүгээ С.Дамдинжав, Н.Амартайван, Ш.Даваадорж, Б.Хүрэлбаатар нарын залуу дархчууд  Дарьгангын мөнгөн урлалыг орчин үед өвлүүлэн хөгжүүлж байна.   Гэхдээ тэд маань ихэнхдээ хэвэнд хийж дан цохилттойгоор урладаг. Эрдэнийн үнэт чулуу оруулж бүтээсэн мөнгө, алт, шармал хосолсон бүтээл ч ховордлоо.  Харин Дарьгангын мөнгөн урлалын өв уламжлалыг сэргээн хадгалж, залуу үедээ өвлүүлэх зорилгоор аймгийн Технологийн сургууль дээр мөнгөн урлалын анги нээгээд арав орчим хүүхэд суралцаж байна.

-“Дарьганга хийц” мөнгөн урлалын бүтээлээ хэзээ хэвлүүлж уншигч олныхоо оюуны мэлмийд хүргэх гэж байна даа?

-Дарьгангын  нэрт дархчууд, тэдний мөнхийн бүтээл мөнгөн урлалыг олон жил судалж, цуглуулж  “Дарьганга хийц” гэсэн ном бэлтгэсэн юм. Нутгийн ард иргэдийн гар дээр өв залгамжлан хадгалж байгаа Дарьгангын нэрт дархчуудын  мөнгөн урлалын гурван зуу гаруй бүтээлээс түүж түүвэрлэж сорчлон зуу гаруй зургийг номондоо оруулсан юм. Санхүүгийн боломжоос болоод хэвлүүлж чадахгүй л байна.  Эрдэмтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо номыг маань хэвлүүлэх талаар ихээхэн чармайлт гарган хөөцөлдөж байгаа.  Ард түмнийхээ түүх соёлд элэгтэй ханддаг сайн санаат хүмүүсийн ач ивээлээр “Дарьганга хийц” ном маань удахгүй хэвлэгдэх байхаа хэмээн найдаж сууна даа.

No comments:

Post a Comment