Labels

Saturday, December 5, 2009

Дэлхийн банк: Монгол улсын 2015 он хүртэлх эдийн засагт тодорхойгүй зураг харагдаж байна

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар сар бүр манай улсын эдийн засгийн байдлыг салбар бүрээр нь дүн шинжилгээ хийж тайлагнадаг билээ. Тэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын тайланг танилцуулсан юм.
Үүнийг бид салбар бүрээр та бүхэндээ товч байдлаар танилцуулж байна.
Хүний хөгжлийн санг зөв ашиглавал оновчтой шийдэл мөн
2010 оны төсвийн алдагдал 2009 оны төсвийн тодотгол хийсэн хэмжээнээс бага зэрэг буурч ДНБ-ий 5 орчим хувь байхаар төсөвлөсөн билээ.

Гэсэн хэдий ч төсвийн алдагдлыг нөхөхийн тулд УИХ зэсийн үнийг ихэсгэж тусгасан. Монгол улсын иргэдэд тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон бэлэн мөнгөний олголт зэрэгт чиглэгдсэн “Хүний хөгжлийн сан”-г байгуулахыг тусгасан. Хуучин тогтолцоогоор уул уурхайн орлогоос гэр бүл бологсод, шинээр төрөгсөд болон хүүхдийн мөнгөний хөтөлбөр зэрэгт олгогдож байсан төсвийн зарцуулалтыг цуцалсан бөгөөд шинээр байгуулагдсан Хүний хөгжлийн сан нь шинжээчдийн үзэж байгаагаар нийгмийн халамжийн цогц бөгөөд оновчтой хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг нээж, хүн амын ядуу хэсэгт олгох халамжийн чиглэсэн хэлбэрээр, бодит шалгуур дээр суурилан олгож эхлэх боломж нээгдэнэ хэмээн Дэлхийн банк үзэж байна. Гэхдээ мэдээж Хүний хөгжлийн санг зөв ашиглавал энэ нь эрх баригчдын гаргасан оновчтой шийдэл болох учиртай.
2011 онд 68 хувийн татвар үгүй болохоор манай улс ямар байдалд орох вэ?
Энэ жилийн төсвийн гүйцэтгэлийн хувьд 12 сарын гулсмал хэлбэрээр төсвийн алдагдал 10 сард бага зэрэг сайжирсан нь төсвийн зарцуулалт багасч, орлогын бууралт тогтворжсонтой холбоотой. Гэвч энэ нь ДНБ-ний 9%-тай тэнцэх хэмжээнд байсаар байна. Санхүүгийн байдал урт хугацааны хувьд ирээдүйд уул уурхайгаас орж ирэх их хэмжээний орлогоос хамааран сайн байх дүр зураг харагдаж байгаа боловч 2015 он хүртэл тодорхойгүй зураг харагдаж байна. Тэр тусмаа 2011 онд Гэнэтийн ашгийн татвар байхгүй болж, үргэлжид авч байсан хандивлагч нарын санхүүжилтгүйгээр их хэмжээний төсвийн алдагдлуудыг нөхөхөд хүндрэлтэй байх талаар шинжээчид таамаглаж байна.

Валютын ханш харьцангуй тогтвортой байна
Гадаад хүчин зүйлийн хувьд гэвэл, сүүлийн саруудад байдал өөрчилөгдөөгүй үргэлжилж – худалдааны алдагдал багасч, валютын нөөц болон валютын ханш харьцангуй тогтвортой явж ирэв. Экспортын бууралт нэлээд доод хэмжээнд хүрч, харин импорт аядуу болох хандлагатай байна. Төлбөрийн балансын алдагдал 2009 оны гуравдугаар улирлын урьдчилсан үзүүлэлтээр 470 сая ам. доллар, \ДНБ-ний 10.9 хувь\ байгаа нь 2009 оны нэгдүгээр улирлын оргил үетэй харьцуулахад буурсан байна.

Бодит хадгаламж болон зээлийн хүү өссөөр байна
Банкны салбарын хувьд, 2009 оны 11 дүгээр сарын сүүлчээр "Зоос" банк алдагдалд орсны улмаас төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар, Зоос банкны байдал харилцагчдийн итгэлийн төвшинд төдийлөн сөрөг нөлөө үзүүлээгүй байгаа бөгөөд энэ нь 2008 оны 11 сард Анод банкны үйл ажиллагааны доголдолтой уялдуулан авч, банкууд дахь хадгаламжийн данснуудад төрөөс баталгаажуулж даатгасантай тодорхой хэмжээгээр холбоотой.

Эдийн засгийн гол гол салбаруудад муу зээлийн хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд үүнд хувь хүний зээл, барилга, хөдөө аж ахуй, хувь хүмүүст олгосон их хэмжээний зээлээс шалтгаалсан эрсдэлтэй байдал банкны салбарт ажиглагдсаар байна. Бодит хадгаламж болон зээлийн хүүгийн хэмжээ нэн өндөр түвшинд байсаар байна. Зээлийн хүүгийн дундач хэмжээ 25 хувьтай байгаа нь бүс нутгийн хэмжээнд харьцуулахад ихээхэн өндөр байгаа талаар Дэлхийн банк онцолж байна.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэл тааруухан байсаар байна
Гуравдугаар улирлын ДНБ-ний бодит салбарын хувьд, хоёрдугаар улиралын 0.7 хувийн өсөлтөөс хойш 3.7 хувийн бууралттай байгаа болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо баримтаас үзэхэд эдийн засгийн бодит салбарт байдал тааруухан байна.

2002 оны 3 дугаар сар болон 2007 оны 8 дугаар сард өрхийн ядуурлын байдалд хийсэн судалгааны Үндэсний статистикийн газрын /ҮСГ/ материалыг ашиглан, энэ хоёр жилийн ядуурлын үнэмлэхүй шугаманд тулгуурлан Дэлхийн банкны саяхан хийсэн судалгаанаас үзэхэд эдийн засгийн өндөр өсөлтийн үед ядуурал эрс буурсан байна.
ҮСГ-ын тооцоогоор, бодит хэрэглээ- ядууралд хамрагдаж байгаа хүн бүрээр авч үзэхэд 2007 оны 8 сарын байдлаар ядуурал 35.2% байсан. Энэхүү тооцоо болон урд жилүүдэд ашиглаж ирсэн ядуурлын түвшингийн шугаманд тулгуурлан хийсэн Дэлхийн банкны ажилтнуудын тооцоогоор Монгол улсад ядуурлын түвшин 2002 оны гуравдугаар сард 66.2% байснаа буурсан байна. Ядуурлын түвшин энэ хугацаанд ийнхүү нэлээд хэмжээгээр буурсан нь хэрэглэж байгаа ядуурлын шугам сайжир ч байгааг харуулав.
Хөдөлмөр эрхлэлт улирлын байдлаас шалтгаалж буурчээ
Дэлхийн банкнаас 2009 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын гол албан бус хөдөлмөр эрхлэлтийн зах зээл дээр мэрэгжилгүй ажилчдийн өдрийн хөлсөнд хийсэн судалгаанаас үзэхэд, 9 сараас 12 сарын хооронд энэ талаар гарсан ямар нэг ахиц байхгүй байна. Улирлын чанартай ажил болон барилгын салбарт ажлын байрны эрэлт хэрэгцээ буурсан нь үүнд нөлөөлөх хүчин зүйл болсон бололтой.

Төрийн албан хаагчдын шалгуурыг өндөрсгөж бүтээмжийг дээшлүүлэх шаардлага байсаар байна
Монгол улсын төрийн албан хаагчдын ажил байдалд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд үйл ажиллагааны үр ашгийг дээшүүлэхийн тулд үндсэн гурван асуудалд анхаарах шаардлагатайг Дэлхийн банк зөвлөж байна.

Үүнд:
Нэгдүгээрт,
өндөр мэдлэгтэй хүмүүсийг төрийн албанд татах, тогтвор суурьшилттай ажилуулахын тулд төрийн албан хаагчдын зэрэглэл тогтоох болон нөхөн олговорын тогтолцоонд тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Хоёрдугаарт, ажилчдын тоо болон боловсон хүчний зардалд хяналт тавих боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол улс цалин хөлсний төвлөрсөн удирдлагын тогтолцоонд үе шаттайгаар шилжин орох шаардлагатай байна.

Гуравдугаарт, боловсон хүчний менежментийн дэглэмийг сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд өнөөгийн байдлаар улс төрийн зохисгүй оролцооны үр дагавараас төрийн албан хаагчдийг төдийлөн хамгаалж чадахгүй байна.

No comments:

Post a Comment